Ж.Сүхбаатар: Иргэнд ээлтэй шийдвэр гаргана
2023.02.06

Ж.Сүхбаатар: Иргэнд ээлтэй шийдвэр гаргана

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр тус хорооны иргэд амьдрах орчны тохижилтыг сайжруулах, өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хүртээмж, автобусны буудлыг шинэчлэх, иргэдийн газрыг чөлөөлж орон сууцны хороолол барьж байгуулахыг хүслээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Монгол Улс бүү хэл дэлхий нийт цар тахлын дараах нөхцөлд эдийн засаг, иргэдийн сэтгэл зүй, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гээд бүхий л салбараа өөд нь татах гэж хичээж байгаа энэ үед та бид уулзаж байна. Миний бие Монгол Улс, Улсын нийслэл, Чингэлтэй дүүрэг, та бидний амьдран суугаа хороод гээд нийгмийн дөрвөн том бүлэгт анхаарч ажилладаг.

Тиймээс таны амьжиргаа сайжирч, амьдрах орчин тохитой, иргэд сэтгэл хангалуун амьдарвал нийслэлийн асуудал цэгцэрнэ. Миний нуруун дээр УИХ-ын гишүүний албаас гадна Улаанбаатарын авто замын түгжрэл түүнээс үүддэг бүхий л асуудал хариуцлага болон ирээд байна. Энэ ажлаас зугатах биш шийдлийг нь олно оо. Тиймээс та бүхэндээ бодлоо биш бодлогоо танилцуулдаг сайд байхыг хүсэж байна.

Эхлээд түгжрэлийн шалтгаан нөхцөлийг ойлгоё. Манай хот 1200 орчим км авто замтай. Энэ зам дээр 704 мянган авто машин хөдөлгөөнд оролцож байна. Түгжрэлийн урсгалыг нэмэгдүүлдэг 19-хэн км хатуу хучилттай зам байна гэсэн судалгаа гарсан. Хоногт дунджаар 300 орчим авто машинтай холбоотой осол бүртгэгдэж байна.

Тэгэхээр бид замын зорчих хөдөлгөөнийг боломжтой байдлаар нэмээд, нийтийн тээврийн шинэчлэлээ хийгээд, 704 мянган авто машин дээр хөдөлгөөний зохицуулалтыг хийж чадвал түгжрэл бидний бухимдах шалтгаан биш болно” гэдгийг онцлон ярилаа.

Тэрбээр мөн “Нийтийн тээвэр, авто замын асуудал, урсгал хөдөлгөөнийг төрийн бодлогын төвд оруулж чадлаа. Ингэснээр автобусаа шинэчлэхээс эхлээд иргэнд ээлтэй шийдвэр гарна” гэж ярьсан юм.

Уулзалт иргэдийн асуултаар үргэлжлэв. Тус хорооны иргэн Д.Мөнхцэцэг “Таныг түгжрэлийн гэхээсээ илүү хөгжлийн сайд гэж хардаг. Учир нь, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах бодлого, та болон таны удирдаж буй багаас шууд хамаарах учир зоригтой шийдэл шийдвэр гаргахыг хүсье” гэж хэллээ.