Ц.Даваасүрэн: Сэлбийг дагасан далан бариад дээр нь Дамбадаржаа, Нисэхийг холбосон хурдны зам тавихаар ярьж байна
2023.02.01

Ц.Даваасүрэн: Сэлбийг дагасан далан бариад дээр нь Дамбадаржаа, Нисэхийг холбосон хурдны зам тавихаар ярьж байна

Хөдөө орон нутагт ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлэх болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчийн асуултад хариулав.

Тэрбээр "Гэр хорооллын дахин төлөвлөлт, агаарын бохирдол хотын түгжрэлд хамгийн гол нөлөө үзүүлж байгаа. Ойрын хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийг бууруулах талаар ажил хийнэ.

Хөдөө орон нутагт ипотекийн зээл олголтыг нэмэгдүүлнэ. Иргэдийг орон нутаг руу нүүлгэх шилжүүлэхэд ач холбогдол өгнө. Өндөр байшинтай хорооллууд, боломжтой иргэдэд зориулсан хаус хорооллууд бий болно.

Хотын төлөвлөлтөд эрчим хүчний эх үүсвэр хүндрэлтэй асуудал. Ойрын хугацаанд Засгийн газраас түгжрэлийг бууруулахад ямар шийдэл гаргахаа зарлах байх. Яармагийн гүүр хүртэл хурдны зам барих төслийг судалж байна. Иргэдийн тав тухыг хангасан BRT автобусны үйлчилгээг нэвтрүүлэх, Дамбадаржаа, Чингэлтэйн гэр хорооллуудыг орон сууцжуулах, Сэлбэ голыг дагасан далан бариад дээр нь Дамбадаржаагаас Нисэхийг холбосон хурдны зам барих талаар ярьж байна. Эцсийн шийд гараагүй. Ийм маягаар гэр хорооллын төлөвлөлтүүдийг хийнэ.

ДЦС-IV-ийн урд талд Яармагийн гүүр, голын нөгөө талын хэсэгт гэр хорооллын дахин төлөвлөлт хийж шинэ хороолол барих төлөвлөлтүүдийг хийнэ.

Түгжрэл, утаатай холбоотой шийдлээ Засгийн газраас тодорхой зарлаад явах байх. Мөн ойрын үед яригдаад байгаа хулгай болон авлигын асуудлаар ч шийдвэр гаргаад зарлана" хэмээн ярилаа.