ЕБС-ийн сургуулийн удирдах ажилтнуудыг чадвахжуулах сургалт болжээ
2023.01.26

ЕБС-ийн сургуулийн удирдах ажилтнуудыг чадвахжуулах сургалт болжээ

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний танхимд ЕБС-ийн захирал, менежерүүдэд зориулсан чадвахжуулах сургалт боллоо.

ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаагийн урилгаар Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Өмгөөлөгч А.Энхбаатар тус сургалтыг удирдан явуулсан.

ИТХ-ын дарга сургалтыг нээж хэлсэн үгэндээ: "Та бүхний санаж байгаачлан 2022 сүүлээр бид боловсролын салбарт, тэр дундаа хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой алдаа оноо, асуудлаа ярилцаж, сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлд удирдлага, багш, эцэг эхчүүдийн гурвалсан холбоог бэхжүүлж ажиллахын чухлыг холбогдох статистикт мэдээлэлд үндэслэн ярилцаж, зөвлөлдсөн.

Үүнтэй уялдуулж өнөөдөр мэргэжил, арга зүйн хувьд чадавхжуулах, хууль, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой мэдлэг мэдээллээр хангах, боловсролын харилцаанд оролцогч талууд нэгдсэн ойлголтод хүрч, удирдах арга туршлагаа баяжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Баянгол дүүргийн боловсролын салбарт багш нар нь нэр хүндтэй, удирдах ажилтнууд нь ёс зүйтэй, сурагчид нь улам илүү хегжил төлөвшилтэй болохын төлөө хамтдаа хичээцгээе" гэв.

Шинэ эрин сургуулийн захирал П.Амартүвшин:

"Өнеедрийн сургалт 2022 онд шинэчлэн батлагдсан "Багшийн ёс зүйн дүрэм"-тэй холбоотой агуулгуудыг практик жишээ, холбогдох хууль, дүрэм журмын заалттай уялдуулсан маш ур дүнтэй сургалт боллоо. Миний тухайд байгууллагын "Ёс зүйн зөвлөл"-өө удирдлага, арга зүйгээр хангах, хөдөлмөрийн дотоод журам, багшийн ёс зүйн дүрмээ хэрхэн сурталчлан таниулж дагаж мөрдүүлбэл зохистой талаар ихээхэн туршлага хуримтлууллаа. Түүнчлэн зөвхөн ЕБС-ийн удирдах ажилтнуудаар зогсохгүй багш, удирдлага, ажилтан бүгдэд хамаарах асуудал шийдлүүд ч яригдсан. Тиймээс энэ сургалтыг сургуульдаа зохион байгуулахыг хүсч байна.

Багш хүнийхээ хувьд эргээд анзаарахад бидэнд хэвшсэн буруу ойлголт цөөнгүй байна. Иймд аливаа асуудалд субъектив байдлаар хандахаас илүү хууль эрх зүй, багшийн ёс зүйн хэм хэмжээнд хандвал зохимжтой талаар мэдлэг хуримтлууллаа.

Анги удирдсан багш гэдэг хүүхэд хамгаалах анхдагч хүн. Эцэг эх, сургууль, сурагч бүр нэгдсэн ойлголттой байхад сургалтын орчинд ёс зүйн зөрчил гарах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү ажлыг санаачилсан дүүргийн ИТХ-ын дарга болон, танай хамт олонд маш их баярлалаа" гэв.

Энэ мэтчилэн оролцогчдын дүгнэснээр сургалтын орчинд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, түүнтэй уялдсан аливаа асуудалд мэдрэмжтэй ёс зүйтэй, сахилга хариуцлагатай хандах, холбогдох хууль, дүрэм журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд хэрхэн тусгаж ажиллах талаар практик зөвлөмж, шинэ мэдлэг мэдээллийг хүргэсэн үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.

Үйл ажиллагааны төгсгөлд оролцогч бүрээс сургалтын эрэлт хэрэгцээг судлах санал /бичгээр/ авлаа.