Цахим орчинд кино, контент нийтэлсэн, түгээсэн, шейрлэсэн фейсбүүк эзэмшигч нарт хариуцлага тооцов
2022.12.16

Цахим орчинд кино, контент нийтэлсэн, түгээсэн, шейрлэсэн фейсбүүк эзэмшигч нарт хариуцлага тооцов

Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газарт “Дуудлагын хов базагч”, “Дурара гарууд”, “Ихэр тавилан” зэрэг сүүлийн үед шинээр гарсан Монгол кино, контентуудыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй facebook, youtube зэрэг цахим сувгаар нийтэд түгээсэн тухай гомдол ирсэн.

Уг гомдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчил гаргасан 18 холбогдогчоос Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хохирол, нөхөн төлбөр гаргуулж, тус бүр 500.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Эзэн холбогдогч тодорхойгүй зөрчил гаргасан facebook хаяг эзэмшигч нарын мэдээллийг тодруулахаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран ажиллаж байна.

Бусдын уран бүтээл болох кино, контентыг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр facebook, youtube зэрэг цахим орчинд нийтлэх, түгээх, хуулбарлах, шейрлэх, татаж авах зэрэг нь Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм.
Тиймээс Зөрчлийн тухай хуулийн дагуу 5 сая төгрөгөөр торгохоос гадна уран бүтээлчид өөрт учирсан хохирлоо зөрчил гаргасан этгээдээс нэхэмжилдэг байна.