Ч.Даваа гуай 93 настайдаа гавьяат цол хүртлээ
2022.12.01

Ч.Даваа гуай 93 настайдаа гавьяат цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат эдийн засагч цол хүртсэн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул Чимэдийн Даваа гуайдаа баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Ч.Даваа гуайг шагналаа гардсаны дараа УИХ-д Өвөрхангай аймгаас сонгогдсон С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нарын гишүүд хүлээн авч баяр хүргэлээ.

Тэрбээр Улсын хянан шалгах комисс, Улсын төлөвлөгөөний комисс, Өвөрхангай аймгийн Төлөвлөгөөний комисс, Улсын геодези зураг зүйн газарт мэргэжилтэн, тасгийн дарга, орлогч даргаар 1953-1991 он хүртэл тасралтгүй 40 шахам жил ажилласны 28 жилд нь Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны нэгдүгээр орлогч, аймгийн Төлөвлөгөөний комиссын даргын алба хашсан туршлагатай эдийн засагчийн хувьд улс орны хөгжил, эдийн засгийн төлөвлөлт, санхүү мөнгөний бодлогод хувь нэмрээ оруулан зүтгэсэн гавьяатай нэгэн гэдгийг манай өвөрхангайчууд андахгүй. Тиймдээ ч түүнийг гавьяат гэж эрхэм цол хүртсэнд манай нутгийнхан бүгд тун ч ихээр баяртай байгаа.

Миний ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн газар минь Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны Төлөвлөгөөний комисс. Тэр үед Ч.Даваа гуай аймгийн Төлөвлөгөөний комиссын албаа хүлээлгэж өгсөн байсан ч би түүнийг 1980-аад оны сүүлээс мэдэх юм. Тэрбээр энэ жил нас сүүдэр 93 хүрсэн гэж буй ч бие тэнхлүүн, үг яриа цэгцтэй, миний түүнийг мэдэх болсон үеийнхээс нэг ч их өөрчлөгдөөгүй чамбай хэвээрээ санагдсан.Та минь илүү урт насалж, эрдэнэ болсон үг сургаалиа үр хойчдоо харамгүй хайрлаарай.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn