"Авьяаслаг Хэнтийчүүд-2022" урлагийн наадамд 500 орчим залуучууд оролцов
2022.11.14

"Авьяаслаг Хэнтийчүүд-2022" урлагийн наадамд 500 орчим залуучууд оролцов

Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Авьяаслаг Хэнтийчүүд-2022” урлагийн наадам тав дахь удаагаа боллоо.

Хэнтий нутгийн залуучуудын эв нэгдлийг бэхжүүлэх, шинэ, залуу авьяастнуудыг тодруулах зорилготой тус наадамд Хэнтий аймгийн 12 сумын 13 багийн 500 гаруй оюутан залуучууд хамрагджээ. Багууд гоцлол дуу, хамтлаг дуу, хамтлаг бүжиг, гоц авьяас, гоцлол хөгжим, Хэнтийн Мисс гэсэн 6 төрлөөр хоёр өдрийн турш өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Авьяаслаг Хэнтийчүүд-2022” урлагийн наадамд УИХ-ын гишүүдээ төлөөлөн оюутан, залуучууддаа хандан мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ УИХ, Засгийн газрын онцлог шийдвэр, тойргийн гишүүдийн хийж хэрэгжүүлж буй ажил, Хэнтий аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хүргэлээ.

Тухайлбал, Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, Хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд залуучуудыг орон нутагтаа амьдрахад бодлогоор дэмжих болсон, Бизнесийн татварын чөлөөлөлт, Ипотекийн зээл хөнгөлөлтийн талаар мэдээлэл хүргэсэн юм.

Хэнтий аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн ажилд залуучуудыг татан оролцуулж эхэлсэнтэй холбогдуулан нутгийн хөгжилд залуучуудын үзэл санаа, хүч хөдөлмөрийг тусгаж ажиллах талаар хэллээ. Мөн их, дээд сургууль төгсөөд орон нутагтаа мэргэжлээрээ ажиллах оюутнуудад төрийн албаны шалгалт өгөх, мэргэжлээрээ ажиллахад хуулийн дагуу дэмжлэг, зөвлөгөө өгөхөөр төлөвлөгөө гарган ажил эхлүүлж буйг мэдээлэв.

Эцэст нь 2023 оны улсын төсвийн онцлог, УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн зүгээс 2023 оны эхэнд Хэнтий аймгийн оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлаж буйгаа мэдээлж, наадамд оролцогч оюутан, залуучууддаа амжилт хүслээ.

"Авьяаслаг Хэнтийчүүд" урлагийн наадам /Ковид-19/ цар тахлаас шалтгаалан хоёр жил өнжсөн бөгөөд энэ удаа тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Залуучуудын холбооны хувьд бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилж тэргүүнээр нь Т.Оюунбилэг сонгогджээ.