Гүйцэтгэх захирлаар Г.Дугаржавыг түр томиллоо
2022.10.26

Гүйцэтгэх захирлаар Г.Дугаржавыг түр томиллоо

”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн аравдугаар сарын 21-ний өдрийн 14,15 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар Ганпүрэвийн Дугаржавыг түр томиллоо.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын аравдугаар сарын 21-ний өдрийн А/65 тоот тушаалын дагуу тус компанийн гүйцэтгэх захирлын ажил хүлээлцүүлэх үүрэг бүхий ажлын баг байгуулжээ. Энэ сарын 24-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээр ахлуулсан ажлын баг тус үйлдвэрт ажиллажээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус үйлдвэрийг төрийн мэдэлд буцаан авснаар гүйцэтгэх захирлаар А.Ариунболд томилогдон ажиллаж байсан юм. Тэрбээр хамт олондоо хандан чин сэтгэлийн талархал илэрхийлж, өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа товч танилцуулан шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Г.Дугаржавт үйлдвэрийн холбогдох бичиг баримтууд, тамга тэмдгийг албан ёсоор гардуулан өгчээ.

Ажлын багийн ахлагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг үе шаттай шийдвэрлэж, дотоод, гадаад хүчин зүйлээс шалтгаалсан амаргүй хүнд үеийг хамтын хүчээр даван туулж, төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэв. Мөн “Монгол ган цогцолбор” төслийг УУХҮЯ-ны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулан цаашдын хөрөнгө оруулалт санхүүжилт босгох бүрэн боломжтой гэдгийг цохон тэмдэглэжээ.

Г.Дугаржавыг “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлаар томилох саналыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан бөгөөд урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулахад ашиг сонирхлын зөрчилгүй гэжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn