МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Говь-Алтай Аймгийн "Алтай Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ийн ажилтнуудтай уулзлаа
2022.10.01

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Говь-Алтай Аймгийн "Алтай Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ийн ажилтнуудтай уулзлаа

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсгийн гишүүд ойрын өдрүүдэд Говь-Алтай Аймагт ажиллаж, иргэд хөдөлмөрчдийн санал хүсэлт, МҮЭ-ийн холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулан ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд өнөөдөр (2022.09.29)-нд МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Алтай Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ийн ажилтнуудтай уулзлаа.

Тэрээр " Төрөөс эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй тогтоон барьж байгаа нь эрчим хүчний салбарын системийн хэмжээнд тулгамдаж буй асуудлын нэг бөгөөд үүнээс шалтгаалж ажилтнуудын ХАБЭА-г хангах,  цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй болгож байна.

Иймд Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн ҮЭ-ийн холбооноос эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэх санал шаардлагыг Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн" гэж хэлэв. Үргэлжлүүлэн МҮЭ-ийн холбооноос иргэд хөдөлмөрчдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж ҮЭ-иын гишүүдийн санал хүсэлтийг сонслоо.

Энэ үеэр "Алтай Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ганзориг, ажилтнуудын эрх ашгийг хамгаалах хүрээнд баруун аймгуудад зорьж ирж ажиллаж байгаа МҮЭ-ийн холбооны баг хамт олонд талархал илэрхийлж, эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлс дундаж түвшинд байгааг хэлж, Хамтын гэрээ, Салбарын тарифын хэлэлцээр, ХНЗ-ийн гурван талт хэлэлцээрт тулгуурлаж албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж байдаг. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж системийн хэмжээнд хүний нөөц, залгамж холбоо, нийгмийн асуудлын бодлого алдагдаж байгаа учир МҮЭ-ийн холбооноос анхаарч ажиллахыг хүсэж байсан юм.