Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин
2022.10.05

Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь дээд хэмжээний чуулган боллоо.

Манай улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд дунджаар 4000 орчин хүн сүрьеэгээр өвчилдөг ба жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчиний улмаас амь насаа алдаж байгаа нь халдварт өвчин дотроо тэргүүлдэг байна. Монгол улс ДЭМБ-аас шинэчлэн гаргасан Сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны жагсаалтад шинээр нэмэгдэн оржээ. Сүрьеэ өвчин дэлхий дахинд нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар жилд 10,4 сая хүн сүрьеэгээр өвчилж 1,8 сая хүн нас барж улмаар дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин байсаар байна.

Монгол улсад сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний үед хувь хүн, өрхөөс гарах зардлын судалгааны үр дүнгээр олон эмэнд тэсвэртэй сүрьеэд өртсөн өрхийн 85%, эмэнд мэдрэг сүрьеэд өртсөн өрхийн 65% санхүүгийн дарамтад орж буй буй зэрэг нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах замаар өвчлөл нас баралтыг бууруулахад бусад салбарын оролцоо хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг харуулж байна.

Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтаар:

  • 2018 онд зохион байгуулагдсан “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” дээд хэмжээний чуулганаас гарсан “Монгол Улсад Сүрьеэ өвчнийг устгах” Улаанбаатарын тунхгийн биелэлтийг дүгнэх;
  • 2023 онд зохион байгуулагдах НҮБ-ын Сүрьеэгийн өндөр хэмжээний уулзалтын урьтал болгон үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулж, сүрьеэгийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний хэрэгжилтийн байдлыг үнэлэх замаар цаашид шаардлагатай арга хэмжээг тодорхойлох;
  • Нийтийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлүүд, түүнийг даван туулахад салбар дундын оролцоог эрчимжүүлэх арга хэмжээг тодорхойлох;
  • Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлд Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг уян хатан болгох, орон нутгийн төсөвт сүрьеэгийн тусламж, үйлчилгээний зардлыг тусгах;
  • Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд хүний эрхийг дээдэлсэн, иргэдэд ээлтэй, жишиг байдлаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn