Л.Оюун-Эрдэнэ: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж дугаарладаг байдал ариллаа
2022.09.01

Л.Оюун-Эрдэнэ: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж дугаарладаг байдал ариллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарны үрс” болон 267 дугаар цэцэрлэг, Ерөнхий боловсролын 148 дугаар сургуульд ажиллаж багш, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, амжилт хүслээ.

Өнгөрсөн оны есдүгээр 1-нд бид танхимаар хичээллэж чадах эсэх тухай ярьж байсан бол өнөөдөр хичээл сургалт зуун хувь танхимаар эхэллээ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын төсвөөс 200 тэрбум төгрөгийг төсөвлөн Засгийн газраас оруулж, Улсын Их Хурал дэмжиж баталснаар сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг, бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа дугаарладаг байдал энэ хичээлийн жилээс ариллаа гэж Ерөнхий сайд хэллээ.

Энэ жилээс цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа И-Монголиа цахим системээр хийж, 111.542 хүүхэд хамрагдах хүсэлт цахимаар ирж, 90 гаруй хувь нь цэцэрлэгтээ элсэн ороод байна. Нэмэлт элсэлтийг энэ сарын 10-наас бүртгэн, цэцэрлэгт хуваарилж бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах Засгийн газрын зорилт ажил хэрэг боллоо. Нэмж 29 мянган хүүхэд цэцэрлэгт авах боломж байгаа юм.

“Цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэж чадлаа. Цаашид засаж сайжруулах зүйлс бий. Улсын цэцэрлэгт элсэж чадаагүй хүүхдийг хувийн цэцэрлэгт элсүүлбэл элсүүлсэн хүүхдийн тоогоор хувьсах зардлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж дэргэдээ байгууллагын цэцэрлэг ажиллуулах, орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зорилгоор ашиглахыг бодлогоор дэмжсэн гэдгийг Ерөнхий сайд хэлж байв. Цаашид бид хот, хөдөөгийн боловсролын ялгаа, тэгш бус байдлыг багасгахад цогц байдлаар анхаарал хандуулна. Хөдөө орон нутгийн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого барина гэдгээ хэвлэлд өгөхдөө илэрхийллээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах хувийн хэвшлийн “Нарны үрс” цэцэрлэг энэ хичээл жилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр буюу улсын төсвөөс хувьсах зардал авч хамран сургах тойргийн хуваарилалтаар 60 хүүхдийг нэмэлтээр элсүүлжээ. Ингэснээр төвлөрөл ихтэй тус хорооны хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадсан байна.

Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны 267 дугаар цэцэрлэг 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. “Алтан тэвш” хотхонд байр түрээслэн гурван бүлэг нээж, нэмж 90 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байна. Энэ жишгээр нийт 130 гаруй байрыг түрээслэн 14 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнгөрсөн зун 1000 гаруй багшийг сургалтад хамруулсан бөгөөд тус сургалтад хамрагдсан гурван багш 267 дугаар цэцэрлэгт ажиллаж байна.

Энэ хичээлийн жилээс боловсролыг тэгш олгох, хэт төвлөрөл, ачааллыг бууруулах үүднээс сургалтын дэвшилтэт менежмент, хөтөлбөрийн агуулгыг харилцан солилцох хөтөлбөрийг эхлүүлж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 148 дугаар сургуульд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай зургадугаар ангийн хоёр бүлэгт нийслэлийн 11 дүгээр сургуулийн багш нар хичээл зааж, зохион байгуулалтыг туршиж эхэлж байгаатай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн танилцлаа.

2022-2023 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн хуваарилалтаар хүүхэд нэг бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж, 110 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд сургаж эхэллээ. Улсын хэмжээнд 78,345 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж, Ерөнхий боловсролын 854 сургуульд 746,653 хүүхэд, МСҮТ, коллежид 49,999, 67 их дээд сургуульд 141 мянган суралцаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn