НИТХ-ын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа
2022.08.24

НИТХ-ын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж байгаа билээ.

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон төлөөлөгчид өвөлжилтийн бэлтгэл ажил, 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл, Улс, Нийслэл, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон авто замын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцыг үнэлэн ажиллав.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд энэ оны наймдугаар сарын байдлаар өвөлжилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, авто замын түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй төлөвлөгөөт ажлын явцыг холбогдох хэлтсийн удирдлагуудын хамтаар танилцууллаа.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт Улс, Нийслэл, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 128 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна.  Нийт хөрөнгө оруулалтын ажлын 60 гаруй хувь нь гүйцэтгэлийн шатанд байгаа бөгөөд дүүргийн хэмжээнд энэ онд шинэ сургууль 6, сургуулийн өргөтгөлийн хоёр байр баригдах юм.

Мөн 2022-2023 оны хичээлийн жилд боловсролоос гадуур орхигдож, цоожтой хаалганы цаана хүүхэд үлддэг байдлыг гаргахгүйн тулд дүүргээс  тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явц 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хөдөө аж ахуй, Агаар орчны бохирдлыг бууруулах, Нийтийн эзэмшлийн зам талбай, халтиргаа гулгаа техникийн бэлэн байдал, Орон сууцны контор, халаалтын зуухны засвар шинэчлэл, Инженерийн шугам сүлжээ, Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг хэд, хэдэн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бөгөөд дээрх үйл ажиллагааны биелэлттэй төлөөлөгчид танилцлаа.

Дээрх танилцуулгын дараа нийт төлөөлөгчид өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэж буй ажлын явцтай газар дээр нь очиж танилцан, ажиллах юм.