ШШГЕГ-тай санамж бичиг байгууллаа
2022.04.22

ШШГЕГ-тай санамж бичиг байгууллаа

Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд 7000 мэргэжилтэн хэрэгтэй байгаа. Алдаа онооны дэнсээр амьдралдаа алдаж эрхээ хязгаарлуулсан хүмүүсийг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд модны чиглэлээр сургах, ажиллуулах боломжоор хангахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөр зөвхөн мод тарих биш бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, хүнийг сургах, төлөвшүүлэх томоохон төсөл юм.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “100 сая мод” тарих үйл ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой БОАЖЯ, ШШГЕГ хооронд Санамж бичиг байгуулах үйл ажиллагаа боллоо.

  • Уг Санамж бичиг нь дөрвөн жилийн хугацаатай бөгөөд энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон харьяа салбар нэгжийн албан тушаалтнуудад тарьц, суулгац, мод, жимс, жимсгэнэ тарих, түүнийг арчилж хамгаалах чиглэлээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, сургалт зохион байгуулах, ном гарын авлагаар хангах;
  • Мод, жимс, жимсгэнэ тарих, үрсэлгээ хийхэд шаардлагатай хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөөр хангахад бодлогоор дэмжлэг үзүүлэх;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа төв, орон нутгийн хорих анги, байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжүүдэд мод, жимс, жимсгэнэ тарих, тариалалт хийх газар олгох асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Ял шийтгүүлсэн этгээдүүдийг үр түүх, мод тарих, арчлан хамгаалах, ойн цэвэрлэгээ хийх ажилд татан оролцуулах чиглэлээр хамтран ажиллах;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангийг түшиглэн мод, жимс, жимсгэнэ, үрсэлгээний судалгаа, үржүүлэлтийн түшиц газрыг бий болгоход хамтран ажиллах юм.