МҮЭХ-ны Ерөнхийлөгч Завхан Аймгийн Засаг даргатай уулзлаа
2022.04.14

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Завхан Аймгийн Засаг даргатай уулзлаа

Өнөөдөр (2022.04.14) МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг Завхан Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалтай уулзаж, тус аймгийн иргэд, хөдөлмөрчид, малчдын өмнө тулгамдаж буй асуудлаар хамтран ажиллах хүрээнд санал солилцлоо.

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооноос орон нутагт хөдөлмөр эрхэлж буй иргэд, хөдөлмөрчид, малчид руу чиглэсэн бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, нийгмийн түншлэлийн хүрээнд Завхан Аймгийн ҮЭ-ийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг олгож хөдөлмөрлөх эрхийг нь хангуулж ажиллахыг хүслээ.

Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, "Манай аймагт МҮЭ-ийн холбооны удирдлагууд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлье. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг хангуулах чиглэлд аймгийн захиргаанаас гойд анхаарч малчдын өмнө тулгамдаж буй асуудлаар зөвлөгөөнийг хоёр өдөр зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн аж амьдрал сайнгүй байна. Манай улс мал аж ахуйн орон тийм учраас малчдын хөдөлмөрийн хүрээний асуудлыг дэмжих чиглэлээр сум орон нутагт залуу малчдын ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болоод байна. Нөгөө талдаа өнөөдөр манай аймгийн Засаг Даргын Тамгын Газарт ажиллах боловсон хүчин дутмаг болсон. Төрийн албан хаагч болохын тулд 2-3 шалгалт өгдөг боловч цалин хөлс нийгмийн хамгааллын асуудал орхигдсон нь өнөөдөр Монголын төр чадавхгүй болж байгааг харуулж байгаад санаа зовниж явдаг юм. Иймд Завхан аймагт ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, хөдөлмөрчид, малчдын өмнө тулгамдсан асуудлаар ҮЭ-тэйгээ хамтран ажиллахдаа таатай байх болно" хэмээлээ.