Өвөрхангай аймгийн "Хархорин" сумын Засаг дарга, иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа
2022.04.14

Өвөрхангай аймгийн "Хархорин" сумын Засаг дарга, иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа

МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн "Хархорин" суманд ажиллалаа.

Тус ажлын хэсэг нь МҮЭ-ийн холбооны XXIII Их хурлаас гарсан шийдвэр, Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд сонгогдсон аймгуудын иргэд хөдөлмөрчид, ҮЭ-ийн гишүүдэд “МҮЭ-ийн холбооны үйл ажиллагаа, цаашдын зорилт”-ын талаар мэдээлэл өгөх, анхан шатны хороодын үйл ажиллагаатай танилцах, сургалт зохион байгуулах, гишүүнчлэл нэмэгдүүлэх хүрээнд ажиллаж байгаа юм.

Сумын иргэдтэй уулзах үеэр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар МҮЭ-ийн холбооны хуульч М.Саранцацрал сургалт өгч, МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын Эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяа, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг нар ТҮ1-3 дугаар зэрэглэлийн албан тушаалтны цалин хөлс, Боловсролын гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний тогтолцоо, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний талаар мэдээлэл өгөв.

Харин иргэд, хөдөлмөрчдийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ТҮ1-3 дугаар зэрэглэлийн албан хаагчдын эрх ашгийг зөрчөөд буй хуулийн зохицуулалтад хэрхэн шийдвэрлэх, боловсролын салбарын ур чадварын урамшуулал болон илүү цагийн хөлсийг олгохгүй байгаа асуудлыг хэрхэх, Монголын Багш нарын ҮЭ-ийн холбоонд гишүүнчлэлтэй болохгүй бол сумын ЕБС-ын багш нарыг шүүхэд өгнө гэж сүрдүүлээд байгаа талаар хэлж тус холбоонд гишүүнчлэлтэй болох шаардлагатай юу зэрэг асуултыг тодруулав.

БШУЯ, МБШУҮЭХ-ны Хамтын 2022-2023 оны хэлэлцээрийн 2.1-т Боловсролын салбарын ажилтнуудын цалин хөлсийг 30-50 хувь нэмэгдүүлэх тухай тусгаж ирэх оны төсөвт суутгасан байгаа тухай, ур чадварын урамшуулал, илүү цагийн хөлсөө тооцуулан авах хууль эрх зүйн нөхцөл бүрэн байгааг хэллээ. Хэрвээ дээрх асуудал тулгамдаж байгаа ажилтнууд байвал "Хархорин" сумын ҮЭ-ийн холбооны дарга Ж.Цэвэлмаад хандаж МБШУҮЭХ-той хамтран нөхөж олгох арга хэмжээг авч ажиллахаа илэрхийлж байсан юм.

Үргэлжлүүлэн ажлын хэсгийн гишүүд "Хархорин" Сумын Засаг Даргатай уулзаж, иргэд хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг уламжлан холбогдох асуудалд хамтран ажиллахыг хүсэв. Хариуд нь Засаг дарга Г.Одгэрэл Сумын ҮЭ-ийн холбооноос тавьсан шинэ барилга бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж газар олгож байгаа тухайгаа хэлж, цаашид Сумын ҮЭ-тэйгээ нягт хамтран ажиллахаа идэрхийллээ.