Зогсоолын төлбөр 3000, машин ачихад 100 мянга болгохоор төлөвлөжээ
2022.03.22

Зогсоолын төлбөр 3000, машин ачихад 100 мянга болгохоор төлөвлөжээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө танилцуулсан. Бүтээн байгуулах ажлын хажуугаар “жолооч нарын халаастай ярих” мэргэн санаа бас төлөвлөжээ. Энэ саналаа нөгөөдөр буюу гуравдугаар сарын 24-нд НИТХ-ын хурлаар батлуулахаар зэхжээ. Үүний урьтал болгон НИТX-ын дарга Ж.Батбаясгаланд энэ сарын 14-нд тогтоолын төслөө өргөн мэдүүлсэн байна.

Төслөөс үзвэл, Улаанбаатар хот дахь авто зогсоолыг 3 байршилд хуваана. Бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөрийг ялгавартай тогтоох юм байна. Хавсралтаас үзвэл жолооч нар 1 цагийн зогсоолын төлбөрт одоогоор 1000-2000 төгрөг төлдөг бол Авто зогсоол ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоосны дараа 1 цагийн төлбөрт 2000-3000 төгрөг төлдөг болох юм.

Ингэж авто зогсоолын төлбөрийг нэмбэл иргэд төлбөр өндөртэй бүсэд хувийн автомашинаа унах нь багасна. Авто зогсоолд машинаа удаан хугацаагаар тавих нь буурна гэж хотын дарга Д.Сумъяабазар төвийн дүүрэгт түгжрэлийг бууруулах санааныхаа үндэслэлийг бичжээ. Үүний дараагаар иргэдийг авто зогсоолд удаан хугацаагаар машинаа тавибал өндөр торгууль ногдуулдаг болохоор төлөвлөсөн байна. Үүний зэрэгцээ автомашин ачлагын төлбөр одоо 60 мянган төгрөг байгааг 100 мянган төгрөг болгох өөрчлөхөөр төлөвлөсөн байна. Мөн авто замын хажуугийн “халаас”-уудыг байхгүй болгохоор төлөвлөжээ.