Авлигатай тэмцэх газрын дундын мэдээллийн сан үйл ажиллагаанд орлоо
2022.02.25

Авлигатай тэмцэх газрын дундын мэдээллийн сан үйл ажиллагаанд орлоо

Төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулан хуулийн хэрэгжилт, үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах, авлигын индексийг бууруулах зорилгоор газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон авлигатай тэмцэх газрууд “дундын мэдээллийн сан”-г байгуулан, хамтран ажиллах гэрээг баталгаажууллаа.

Монгол улсын хэмжээнд нэг сая гаруй газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээдийн газрын бүртгэл, зураглалтай холбоотой мэдээлэл газрын нэгдсэн цахим систем /www.egazar.gov.mn/-д бүртгэгдсэн бөгөөд авлигатай тэмцэх газар нь газрын лавлагаа, газрын түүхчилсэн мэдээлэл, газрын үнэлгээ, төлбөр, татварын мэдээлэл, цахим хувийн хэрэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шаардагдах бусад нотлох баримтуудыг цахим хэлбэрээр авах боломж бүрдэж байна.  

Авлигатай тэмцэх газар нь тус мэдээллүүдийг авахын тулд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудад албан бичгээр хандан 7-20 хоногийг зарцуулдаг байсан бол тус системд нэгдсэнээр дээрх мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжтой боллоо.