МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат цэцэрлэгийн ажилтнуудтай уулзлаа
2022.01.25

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат цэцэрлэгийн ажилтнуудтай уулзлаа

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл, СӨБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг нар анхан шатны хороодод ажиллаж ТҮ 1-3 шатлалын ажилчдын ажлын байртай холбоотой засгийн газрын шийдвэрийн хэрэгжилттэй биечлэн танилцах зорилгоор өнөөдөр СХД-ийн 244, 55-р цэцэрлэгүүдээр орж, эрхлэгч, багш, ажилтнуудтай уулзлаа.

Тус уулзалтаар төрийн үйлчилгээний 1-3 дугаар шатлалаар цалинждаг ажилтнуудын ажлын байр, баталгаа, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтын хэрэгжилтийн асуудлаар танилцуулж, санал солилцов. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат: “МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагуудын шаардлагаар Засгийн газраас тодорхой шийдвэр гарч, үйлчилгээний ажилтнуудыг хүчээр гэрээт болгох, хувийн хэвшилд шилжүүлэх, цалин хөлс, нэмэгдэл, тэтгэмжийг бууруулахгүй байх, гагцхүү ажилтнууд өөрсдөө хүсвэл гэрээт болгохоор шийдвэрлэсэн. Тиймээс анхан, дунд шатанд нугалаа хийж болохгүй, үүнд МҮЭ-ийн холбооноос хяналт тавин ажиллана. 50 мянга орчим үйлчилгээний ажилчдын аж амьдрал учраас бодит байдлыг газар дээр нь үзэх, төлөөлөл болгож анхан шатны хороодоор явж шийдвэрийн хэрэгжилттэй биечлэн танилцаж, энэ асуудал цаашдаа хэрхэн зөв зохион байгуулалттай явах ёстойг бид ярих ёстой. Мөн Хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээндээ тодорхой тусгах хэрэгтэй” гэлээ.

Уулзалтын үеэр ажилчид цалин хөлс бага байгаагаас гадна өнөөдрийг хүртэл нэг сарын цалин олгогдоогүй буюу үндсэндээ 2021 оны 12-р сарын 20-ноос хойш гар дээр цалин тавигдаагүй 35 хонож байгаа тухай мэдээллэж байв. Мөн аж ахуйн ажлыг гол нугалдаг хүмүүс бол үйлчилгээний ажилтнууд байдаг учраас хог цэвэрлэх, гагнуур, мужаан хийх зэрэг олон ажлыг хийдэг тухайгаа ч ярьж, шинэчилсэн Хөдөлмөрийн тухай хуулиар ажлын цагийн зохицуулалт зөрчилдөөнтэй байгаагаас харуул, манаач, жижүүрүүдийн илүү цагийг бодоход хүндрэлтэй, хэрэгжихэд төвөгтэй байгаа тухай хэллээ. Харин нийгмийн хамгааллын асуудлын хүрээнд орон сууцны дэмжлэг үзүүлэх асуудлыг онцгой анхаарахыг хүсэв. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат цаашид салбарын ажилтнуудын цалин хөлсийг шат дараатай нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр төр засагтай нягт хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийллээ.