УИХ-ын гишүүн С.Чинзориг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
2022.02.02

УИХ-ын гишүүн С.Чинзориг сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм та бүхэндээ ирж буй Арвандолдугаар жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн сар шинийн мэнд айлтгая.

Харьж буй “цөөвөр” хэмээх төмөр үхэр жил дэлхий нийтэд аюулт цар тахал дэгдэж, эдийн засаг амаргүй байсан ч өвөрхангайчуудад минь өгөөж буянаа харамгүй хайрласан он байлаа. Өвөрхангай нутаг минь өрх өсгөж, сум сунгасан шинэ иргэн, шинэ айлаар бүл нэмж, цагийн хатууг мэнд давсан мал сүрэг түмээр өсч малчин түмэн сэтгэл амгалан хавартай золгож байна. Аймгийн хэмжээнд соёлын төв, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц олноор баригдаж, улсдаа дээгүүр орох том үйлдвэр ашиглалтад орж, зам харгуй нэмэгдэн, худалдаа үйлчилгээний салбар хүрээгээ тэлсэн бүтээн байгуулалтын жил байлаа.

Энэ бүхэн нь халуунд халж, хүйтэнд хөрч, өдөр шөнөгүй зүтгэж явдаг малчид, тариаланчид, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн нөр их хөдөлмөр зүтгэлийн үр шим бөгөөд үндэсний баялгийг бүтээж, нутаг орныхоо хөгжил дэвшлийг нуруундаа үүрч яваа хэн бүхэнд, ахмад буурлууд, алдрай бяцхан жаалууд, адтай сэргэлэн залууст бүгдэд нь бар жилдээ үг хэл элгэмсэг дулаан, үйлдэл төрх эерүү зөөлөн, үзэл сэтгэл өөдрөг тэнүүн, үйлс ажил бүтэмжтэй сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

УИХ-ын гишүүн Содномын ЧИНЗОРИГ

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn