Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ажлаа тайлагналаа
2022.01.27

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ажлаа тайлагналаа

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2021 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

Байнгын хороо 8 удаа, Байнгын хороодын хамтарсан хуралдаан 2 удаа хуралдаж, давхардсан тоогоор 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар 18 хуулийн төсөл, Байнгын хорооны хэлэлцэх эсэхийн 1 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 4 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 3 танилцуулга, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох саналыг зөвшилцсөн талаарх 1 санал, дүгнэлт бусад асуудлаарх 1 санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй 47 саналын томьёоллыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 14 хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ. Үүнд:

1) Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүнээс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Уг хуулийг баталснаар аймгийн төвөөс алслагдсан нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин бүрдэж, орон нутагт ажиллаж буй онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгаа, цаашид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдсэн.

2) Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

Уг хуулийг баталснаар кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах, цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах харилцааг зохицуулах нөхцөл бүрдсэн.

3) Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгасан.

4) Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийг төслийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд (Кигалийн) оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

5) Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 6 дугаар 24-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлсэн.

6) Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж Монгол Улсаас гадаад улсад суух зарим Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцсэн дүнгийн тухай албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн.

7) "Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр"-ийн төслийг зөвшилцөх, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшилцөх, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийг зөвшилцөх асуудлууд хэлэлцүүлгийн шатанд байгаа болно.

Бусад Байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлт

Байнгын хороо Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн.

Хяналт, шалгалтын ажлын талаар

1. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Гадаад харилцааны яамны бодлого үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэр, гадаад харилцаа болон дипломат төлөөлөгчийн газруудад тулгарч байгаа асуудал, Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдалд авч байгаа арга хэмжээ, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд чиглэсэн ажил болон вакцины татан авалтыг цаг алдалгүй хийх, иргэдээ вакцинжуулахад чиглэсэн үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцов.

Бусад ажлын талаар

Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хороо хоорондын “100 жилийн ойд зориулсан цахим уулзалт” 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын захиралуудтай 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уулзаж санал солилцсон.

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган /АНДОПЧ/-ы 29 дүгээр уулзалт нээлтээ хийж “Ковид-19 цар тахлын дараах дархлааг бэхжүүлэхэд парламентуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан. Уг уулзалтад Монгол Улсын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор нар оролцсон.

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр санаачлан “МОНГОЛ УЛСАД ШИНЭ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨРЛҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлэг нь шинэ эдийн засгийн ямар загварыг хэрхэн ашиглах вэ, байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй, экологийн сүйрэлд хүргэхгүйгээр хэрхэн хөгжих вэ гэдэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гарц гаргалгаа олох зорилготой.

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Монгол Улсын Их Хурал болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран “Япон лугаа адил хөгжье- Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” хэмээх цуврал хэлэлцүүлгийн 3 дахь хэлэлцүүлгийг “Эдийн засгийн төлөвлөлт ба хөгжлийн бодлого төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки-тай уг хэлэлцүүлгийн хүрээнд уулзаж санал солилцсон.

ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРОО

Тусгай хяналтын дэд хороо 2021 оны ээлжит чуулганы хугацаанд 1 удаа хуралдсан.

Хяналт шалгалтын ажлын хүрээнд Тусгай хяналтын дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Батболд болон Ахлах зөвлөх Ж.Лхагвасүрэн нар Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, санал солилцсон.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энх-Амгалан, Ахлах зөвлөх Ж.Лхагвасүрэн нар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Тагнуулын ерөнхий газарт очиж ажилласан.

ТҮР ХОРОО

/Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулсан.

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 31 тоот тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.

Түр хорооны хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон вакцинжуулалтын талаарх Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын мэдээллийг сонссон.

Түр хорооны хурлаас дараах чиглэлийг, чиглэлээр анхаарч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар, Онцгой комисст үүрэг болгосон.

1. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, түгээлтэд хяналт тавьж, эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүний хомсдолоос урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах;

2. Хил нэвтрүүлэх барааны эргэлтэд хяналт тавьж, ачаа тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх талаар Бүгд Найрамдах Хятад Ард улсын талтай яриа хэлэлцээрийг зохион байгуулах;

3. Хүнсний болон өргөн хэрэгцээний барааны хомсдолоос үүдэлтэй зохиомол үнийн хөөргөдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах;

4. Ариутгал халдваргүйжлийг тогтмолжуулж хяналт тавих, хүйтний улирал эхлэх үеийн халдварт өвчний дэгдэлт, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах;

5. Цахим орчинд гуравдугаар тунтай холбоотой буруу, зөрүүтэй мэдээлэл гарч байгааг анхаарч цэгцтэй нэгдсэн бодлого, нэгдсэн мэдээллийг иргэдэд өгөх;

6. Эрүүл мэндийн яамны мэдээлэлд ковидоор өвчилсөн хүний тоо, эдгэсэн өвчтөний тоо зэрэг мэдээллүүд зөрүүтэй байгаад анхаарч мэдээллийн зөрүүг арилгах;

7. Монгол Улсад үйлдвэрлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн материалыг үйлдвэрлэх ажлыг дэмжих, шаардлагатай бол энэ чиглэлээр Засгийн газар, Улсын Их Хуралд асуудал тавьж тодорхой дэмжлэгийг үзүүлэх гэсэн үүрэг, чиглэлийг өгсөн.

Түр хороо 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтарсан хэлбэрээр хуралдсан бөгөөд Цар тахлын Омикрон хувилбарын нөхцөл байдлын талаар болон Эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварын дэгдэлтийг бууруулах арга зам, вакцинжуулалтын явц, үр нөлөөний талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Коронавируст халдвар /Ковид-19/-ын шинэ төрлийн Омикрон хувилбар, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн мэдээллийг Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр нарын танилцуулснаар тус тус сонсож холбогдох үүргийг өгсөн.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn