Н.Учрал:

Монгол улсыг цаашид мэдээллийн технологийн салбар “тэжээнэ”


16 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Н.Учрал: Монгол улсыг цаашид мэдээллийн технологийн салбар “тэжээнэ”

Монгол Улс 2005 оноос эхлэн төрийн цахим шилжилт хийж эхэлсэн үеэс өнөөг хүртэлх үе үеийн Засгийн газар төрийн байгууллагуудыг цахимжуулах тодорхой алхамуудыг хийсээр ирсэн. Мэдээллийн технологийн хөгжлийн хурд өнөөгийн Засгийн газар, парламентад цахим шилжилтийг эрчимтэй бий болгож байна. Энэ хөгжлийг та манлайлан явж байгаа хүний хувьд хэрхэн дүгнэх вэ?

2016 оны ээлжит сонгуулиар бүрдсэн парламентад би анх сонгогдон ажиллаж байх үед, МАН-ын байгуулсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө цахим засаглалын хөгжүүлэх зорилт тавьж ажилласан. Тухайн үед УИХ-д би Ж.Энхбаяр нарын гишүүдтэй хамтраад УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын бүтцэд Инновац, цахим бодлогын түр хороо байгуулах тогтоолын төслийг санаачлан батлуулж, миний бие ахлан ажилласан. Түр хороо гэдэг бол тодорхой асуудлыг шийдвэрлэх хүртлээ хугацаагүй ажилладаг. Бид цахим хөгжлийг урагшлуулах, харилцаа холбоо, цахим хөгжлийн эрх зүйн орчныг сайжруулах зорилтыг дэвшүүлсэн.

Учир нь өнгөрсөн хугацаанд Засгийн газар цахим хөтөлбөрийг хэрэгжүүлээд, УИХ-д өргөн браиад орж ирэхээр мэргэжлийн хороо тухайн асуудлыг хэлэлцэх боломж байгаагүй. Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын асуудал хамаарч явдаг байсан. Тиймээс мэргэжлийн байнгын хороо УИХ-ын бүтцэд байх ёстой ч Түр хорооны түвшинд ажиллаад, амжилттай байвал цаашид байнгын хороо байгуулна гэж төлөвлөсөн.

Инновац, цахим бодлогын түр хороо байгуулагдаад Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуулиудыг батлуулсан. Дээрх хуулиудад Түр хорооны зүгээс мэргэжлийн санал, зөвлөмжүүдээ өгсөн. Ингээд өнгөрсөн парламентын үед Инновац, цахим бодлогын байнгын хороо байгуулагдаад харилцаа холбооны салбарын суурь гурван хуулийг батлуулсан. Мөн өнгөрсөн хугацаанд цахим засаглалын чиглэлээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьсан. Цахим хөгжил, цахим бодлого нь технологийг хуульчилж болдоггүй ч хууль, эрх зүйн орчинг нээж болдог. Технологийг хуульчилж болохгүй ч төрийн эрх барьж буй байгууллага, Гүйцэтгэх засаглал манлайлал үзүүлж байж харилцаа холбоо, цахим хөгжлийн асуудал хурдацтайгаар явагддаг. Энэ утгаараа манай төрд энэ салбарын манлайлал хэрэгтэй байна гэдгийг цаг хугацаа бидэнд илтгэж байсан. 

Аж үйлдвэрийн IV хувьсгал биднийг хүлээхгүйгээр урагшилсан. Дэлхийн топ 10 компанийн Амазон, Фэйсбүүк зэрэг 8 нь компани л гэхэд оюуны өмчөөр баталгаажуулсан оюун санааны бизнес эрхэлж, технологид суурилсан, инновац шингэсэн бүтээгдэхүүн борлуулж, түүгээрээ дэлхийд тэргүүлж байна. Хүнээс үл хамааран технологи, хиймэл оюунд суурилсан үйлдлүүд дэлхийд их хийгддэг болсон. Ингээд дэлхий дахин аж үйлдвэрийн IV хувьсгалд нэгдэхийн тулд хэрхэн хүний нөөцөө зөв хөрвүүлэх, мэргэжлийг нь зөв чиглүүлэх, ирээдүйд ямар чадамжтай хүний нөөц хэрэгтэй байгаа талаар эрэл хайгуул хийж, судалгаандаа төсөв санхүү зарцуулдаг цаг үе ирсэн. 

Манай төрийн эрх баих байгууллага үүний хажуугаар зүгээр хараад өнгөрч болохгүй, анхаарах ёстой гэж үзэн Инновац, цахим бодлогын Түр хороог байгуулсан. Ингээд технологийн компаниудтай олон удаагийн уулзалт хийж, старт апуудыг дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн. Мөн Инновацын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Ингэснээр Гарааны компаниуд олон нийтэд хувьцаагаа худалдаалахад тавигдаж байсан босгуудыг багасгаж, хувьцаагаа гаргах боломжтой болсон. Мөн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийг баталсан. Ингэхээр барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар буюу биет бус хөрөнгийг үнэлдэг, түүнийгээ арилжаалж, банкинд барьцаалж болдог эрх зүйн орчинг нээсэн гээд Түр хороо байгуулсан нь маш зөв шийдвэр байсан нь харагдаж, УИХ-аар хэлэлцэж буй хуулиудад зөвлөмж, дүгнэлт өгдөг сайн жишиг тогтсон. 

ЦАХИМ ХӨГЖИЛ НЬ ХАРИЛЦАА ХОЛБОО ТӨДИЙГҮЙ БҮХ САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАГЧ

Цахим хөгжил нь харилцаа холбоо төдийгүй бүх салбарын хөгжлийг хурдасгадаг. Тиймээс нэг салбарын асуудал биш бөгөөд цаана нь бүх салбарын хөгжил хурдасч, бүтээмж нь нэмэгддэг. Тиймээс тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга буюу өнөөдрийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цахим хөгжлийн үндэсний хороо”-г Засгийн газрын дэргэд байгуулж, Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран ажилласнаар Засгийн газар, УИХ цахим хөгжлийн асуудал дээр хамтран ажиллах боломжтой болсон. Бид 1,2 сая хүн амтай Эстони Улсын Засгийн газар цахим хөгжлийг нэвтрүүлснээрээ төрийн үйлчилгээ нь ил тод, нээлттэй, хурдан шуурхай болсноор дэлхийн аз жаргалын индексээрээ III-т явж байна.

Монгол Улс шиг цөөн хүн амтай энэ улс иргэдээ тайван амгалан амьдруулж болж байгааг жишээ болгон энэ улстай албан ёсны хамтын ажиллагааг Л.Оюун-Эрдэнэ сайдаар ахлуулан, салбарын төлөөллүүдийн хамт Эстони Улсад очсон. Тус улсын Засгийн газрын E академитэй хамтран ажиллах гэрээ байгуулж, Монгол Улсын Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болсон. Үүний дараа УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулан саяхан батлагдсан Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай гэх мэт хуулиудыг боловсруулах ажлыг эхлүүлсэн. 

Өнгөрсөн хугацаанд Хур, Дан гэх системүүд ажиллаж байсан. Хур систем нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг, Дан систем нь нэг паспортоор орж нэвтрэх систем юм. Хэдийгээр энэ 2 систем ажиллаж байсан ч нэг үе үе ийн Засгийн газар цахим засаглал гэж ярьдаг хэрнээ нэр томъёог нь өөрчилдөг, Нийслэл тусдаа нэг системтэй, Засгийн газар, УИХ нь тус тусдаа систем ашигладаг. Хоорондоо мэдээллээ солилцож чадахгүй байдалтай явж ирсэн. Улс, Нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжаар мэдээллийн технологийн чиглэлд маш олон төсөл, хөтөлбөр хэрэгжсэн. Гэтэл төрийн үйлчилгээ ил тод, шуурхай болж чадсан уу гэвэл үгүй.

Иргэний үнэмлэхээ баталгаажуулж, өөрийн мэдээллээ нотолдог байдал үргэлжилсээр л байсан. Угтаа технологи нь шийдэгдсэн ч эрх зүйн акт, баримт бичиг, хууль, тогтоомжийн өөрчлөлт нэн шаардлагатай болсон. Тиймээс бид хуулиа өөрчилж байж, технологио ашиглаж болдог юм байна. Тэр утгаараа E-Mongolia гэх нэг платформ /цонх/ дээр л бүх үйлчилгээг нэгтгэе гэж шийдсэн. Өнөөдөр 671 төрийн үйлчилгээг энэ платформд оруулчихсан байна. Энэ бол өнөөгийн Засгийн газрын маш том ажил.

Цахим шилжилт өнөө маргаашдаа хийгээд дуусдаг бус урт хугацаанд бага багаар хийгддэг ажил. Байдал ингээд сайхан болчихсон уу гэвэл бас л үгүй. Иргэд регистрийн дугаараа хийгээд л бүх үйлчилгээг авдаг болчихлоо гэтэл, жишээ нь цалингийн зээл авъя гэхэд заавал нэг цэг дээр очиж гарын үсэг зурах байдал хэвээрээ л байна. Тэгвэл тухайн иргэний гарын үсгийг баталгаажуулахын тулд тоон гарын үсгийн хуулийг хэрэгжүүлэх, эсвэл илүү сайжруулан батлах шаардлага үүссэн. Энэ мэт алдаа гарч байсныг хуулийн хүрээнд залруулах боломж нь цахим хөгжлийн хуулиудыг шинэчилж батлах ажил байсан. Энэ ажлыг амжилттай хийгээд явж байна. 

2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хуралд Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулсан. Энэ бол Монголын парламент цахим хөгжлийг хууль тогтоох дээд шатандаа ч хүлээн зөвшөөрч буйн илрэл гэж үзэж болох уу?

2020 оны сонгуульд дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөрт харилцаа холбоо, цахим хөгжлийг хурдасгана, инновацын тогтолцоог бэхжүүлэх, инновацын бүс байгуулж, төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг зохион байгуулж, авлигын индексийг бууруулна гэх мэт саналаа хэлж тусгуулсан. Ингээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын Хараа 2050”  Монгол улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлогыг баталсан бөгөөд тус хөтөлбөрт “Сайн засаглал”-ыг бий болгох зорилгын хүрээнд ухаалаг засаглал, ухаалаг бүтэц, цахим монгол – иргэн, төр, хувийн хэвшлийн нэгдсэн систем гэсэн сэдвийн дор тодорхой бодлогуудыг нэг бүрчлэн тодорхойлж тусгуулсан. 

Өмнөх парламентын хугацаанд Инновац, цахим бодлогын байнгын хороо үр дүнтэй, сайн ажилласан учраас 2020 оны парламентын бүтцэд Инновац, цахим бодлогын байнгын хороог анх удаа байгуулсан. Зарим байнгын хороодод харьяалагддаг зарим чиг үүргийг нэгтгэсэн. Байнгын хороо нэг жилийн хугацаанд ажиллаад байна. 

E-Mongolia системд өнөөгийн Засгийн газрын дөрвөн жилийн хугацаанд төр+хувийн хэвшил+технологи гэсэн угсралтын 85%-ийг хийнэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Үүний хэрэгжилтийг та хэрхэн хэмжих вэ?

Хэдийгээр E-mongolia системд 671 төрийн үйлчилгээ цахимжчихсан байгаа ч цаасаар баталгаажуулдаг зарим нэг байдал ажиглагдсан. Төрийн байгууллагуудын зүгээс хуулиа өөрчил гэж хэлдэг. Харин цахим хөгжлийн хуулиудаа сайжруулах, шинэчлэх ажил хийгдчихлээ. Ингэхээр үйлчилгээгээ нэг цонхоор, цахимаар иргэдэд ил тод, шуурхай хүргэхийг хүссэн байгууллагууд өөрсдөө E-mongolia системд үйлчилгээгээ оруулахаар хүсэлт тавьж байна. 

АВЛИГАГҮЙ, ХҮНД СУРТАЛГҮЙ, ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМД ХҮМҮҮС АЗ ЖАРГАЛТАЙ, ТАЙВАН АМГАЛАН АМЬДАРЧ, ТӨРДӨӨ ИТГЭХ ИТГЭЛ НЭМЭГДДЭГ 

Аливаа улсын салбар бүрийн хөгжлийг олон улсад индексээр хэмждэг. Үүгээр гадны улс орнууд тухайн улсыг үнэлж байдаг. Ямар ч улсад очоод албан уулзалт хийхээд танай улс хүний хөгжлийн индексээрээ хэдэд явж байна вэ? Хөрөнгө оруулагчид кибер аюулгүй байдлаараа 121-т яваа улстай яаж бид харилцах юм бэ гэдэг. Тэгвэл энэ индекс бүрийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлэх зүйл бол цахим хөгжил юм. 

E-mongolia систем хэрэгжиж эхэлсэнээр хамгийн 1-рт төрийн албан ил тод, нээлттэй болсон. Дээр нь төрийн үйлчилгээ нь хурдан шуурхай, хүнд суртлаас холдож эхэлж байгаа юм. Ингэхээр авлигагүй, хүнд сурталгүй, төрийн үйлчилгээ нь ил тод, нээлттэй нийгэмд ямар байдал үүсдэг вэ гэхээр хүмүүс аз жаргалтай амьдарч, тайван амгалан болж, төрдөө итгэх итгэл нэмэгддэг. Үүнийг цахимжилт л хийж чадна гэдгийг дэлхий дахин тодорхойлчихлоо. 

Одоо E-mongolia системийн 2.0 хувилбар гарсан. Иргэн тоон гарын үсгээ ашиглан байгаа газартаа үйлчилгээгээ шууд авч чадна. Төр тухайн иргэнээ таниад шаардлагатай үйлчилгээг нь үзүүлээд гарын үсгээр нь баталгаажуулчихаж байгаа юм. Түүнчлэн таны мэдээллийг хаана, ямар байдлаар ашигласан талаар мэдээлэл иргэнд очно. Энэ бол авлигаас ангид байх, түүнчлэн төрийн албанхан ч ажлаа хийх боломж бүрдэж, хүнээс үл хамааран төрийн үйлчилгээ иргэндээ хүрдэг болсон. Бид цахим хөгжлийн хуулиудаа баталчихлаа, технологийн тал дээр асуудал байхгүй. Тиймээс эрх зүйн орчин бүрдсэн эко хөрсөн дээр технологио улам сайжруулаад, хөгжүүлээд явах юм.

Монгол Улсын Их Хурал Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж шинээр хоёр яам байгуулахаар боллоо. Энэ хоёрын нэг нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам. Уг яам байгуулагдсанаар ямар чиг үүргийг хэрэгжүүлж, салбарт гарах үр нөлөөг та хэрхэн харж байна вэ?

Өнгөрсөн хугацаанд цахим хөгжлийн хүрээнд 200 гаруй сая долларын программ хангамжийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжсэн. Үүний үр дүн гарсан уу, үнэлж чадсан уу гэдэгт Үндэсний Аудитын газар аудит хийх ёстой. Гэтэл мэдээллийн аюулгүй байдлын мэргэшсэн аудит байхгүй. Тэгвэл яам байгуулагдсанаар мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг гаргадаг эрхүүдийг олгодог болно. Төсөл хэрэгжээд байгаа хэрнээ үр дүн гарахгүй байгаа шалтгаан нь хууль батлагдахдаа боловсруулах шатандаа салбарын яамнаас чиглэл чиглэлээр нь л санал авдаг. Тэгвэл Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулагдсанаар УИХ-аар хэлэлцэн батлах гэж байгаа хуулиудад технологийн талаас нь дүгнэлт, зөвлөмж өгнө. Засгийн газрын бодлого, шийдвэр болон салбар бүрт хэрэгжиж буй программ хангамжийг нэг зүгт чиглүүлэхэд энэ яам асар чухал үүрэгтэй. 

Дэлхийн эдийн засаг Дижитал эдийн засаг болон өөрчлөгдөж байна. Тухайлбал БНХАУ зах зээл дээрх биткойныг Төвбанк нь худалдан авсан. Ингэснээр биткойныг хориглож буй бус харин өөрийн улсын виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох гэж бэлдэж байна. Удахгүй болох Өвдийн олимпын үеэр цахим юаниа зарлах гэж байна. Магадгүй БНХАУ-ын талаас манай нүүрсийг цаасан юань бус цахим юаниар авна гэвэл бид юу хэлэх вэ?

Монгол Улс 180 төгрөгөөр 100 төгрөг хэвлэж байна. БНХАУ, АНУ тэргүүтэй дэлхийн улс орнууд аж үйлдвэрийн IV хувьсгал, хиймэл оюун ухаан руу чиглэн явж байна. Тэгэхээр бид ч дэлхийн өөрчлөгдөж буй эдийн засгийн хандлагаас хоцрохгүй алхах ёстой. Нүүрсээ дэлхийн зах зээл дээр үнэ өсөх юм бол их мөнгө олно гэж бид суух биш дижитал эдийн засгаас хил хязгааргүй орон зайд мөнгө босгох чиглэл рүү гарцаа байхгүй орохоос өөр аргагүй болсон. 

ЦААШДАА МАНАЙ УЛСЫГ ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ТЭЖЭЭНЭ. 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны нэгэн том зорилт бол дижитал эдийн засгийг хөгжүүлж улсдаа орлого олох бодлого байна. Мөн Үндэсний аюулгүй байдалтай холбоотой яам. Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт Мэдээллийн аюулгүй байдлын бүрэлдэхүүн гэж байгаа. Мэдээлэл бол дэлхий пдээр хамгийн том баялаг болсон. Big data буюу их өгөгдлийг ашиглан бизнес хийдэг болсон. Их өгөгдөлтэй улсад хөгжил, их өгөгдөлтэй бизнес хөгжиж байна. Үүнийг ашиглах, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлдээ анхаарах шаардлагатай юм. 

Өдгөө дэлхийд буу зэвсэгтэй дайн бус виртуал ертөнцөд дайн, өрсөлдөөн болно. Кибер орон зайд л халдлага болохоос бус буу бариад орж ирээд халдлага болохгүй. Тиймээс Цахим хөгжил, харилцаа холбооны яам бол Монгол Улсын Засгийн газрын Үндсэн чиг үүргийн яам байх ёстой. Харин ч бид хожимдож байгуулж байна. 

Цахим хөгжлийг дэмжих хуулийн төслүүд батлагдлаа. Ингэснээр салбарын эко систем бүрдэнэ гэж тайлбарлаж байна. Ямар өөрчлөлт авч ирэх вэ?

2005 онд Нууцын тухай хууль батлагдаж зарим мэдээллийг НУУЦ гэж тамга дараад нууцалсан. Иргэд, байгууллага, хэвлэл мэдээллийн зүгээс мэдээлэл авах гэхээр байгууллагын нууц гээд өгдөггүй. Гэтэл ардчилсан улс оронд мэдээлэл ил тод байх ёстой. Тэгвэл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар НУУЦ гэж тамгалсан мэдээллийг ил болгож байна. Ингэхдээ ямар мэдээлэл нь ил байх юм бэ? Өмнө нь нууц гэж байсан 67 мэдээллийг ил болгоно. 

ИРГЭД, ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙГ ХУУЛЬЧИЛЛАА

Жишээлбэл стратегийн орд газрын лиценз эзэмшигч хэн бэ гэдэг нь ил болно. Үүнийг ил болгохыг төрийн байгууллага нь мэдээлэх үүрэг хүлээнэ. Дархан цаазат газарт ямар хүн зөвшөөрөл авсан бэ? Энэ ил болно. Барилгын Улсын комисс хүлээн авсан эсэх талаарх мэдээлэл ил болно. Худалдан авах ажиллагааны мэдээлэл ил болно. Монополь ААН-ийн мэдээлэл ил болно. Түүнчлэн хаалттай мэдээлэл гэж ямар мэдээллийг хэлэх үү? Хязгаартай мэдээлэл гэж алийг нь хэлэх вэ гэдэг ангиллыг энэ хуулиар бий болгож байгаа юм. 

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль бол хүний эрхтэй шууд холбоотой. Хүний нууц хэн нэгний буруугаас болоод задарсан тохиолдолд хэн ч хариуцлага хүлээдэггүй байсан. Учир нь өмнөх хуулиар мэдээллийг мэдээллийн эзэн өөрөө хариуцдаг байсан. Харин энэ хуулиар бүрэн өөрчлөгдөөд хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа бол хариуцагч хариуцлага хүлээдэг болсон. 

МЭДЭЭЛЛИЙН ЭЗНИЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛЖ, БОЛОВСРУУЛЖ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОСОН

Тухайлбал таны ажлын цагийн бүртгэлийг нүүр таних системээр эсвэл хурууны хээгээр бүртгэх гэж байгаа бол ажил олгогч ажилтнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хийнэ гэсэн үг. Дуу бичлэг, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг хаана байршуулах, хүний халдашгүй орон зай гэж ямар орон зайг хэлэх, нийтийн орон сууцанд камер байрлуулахад ямар орон зайд тавихыг Хүний эрхийн үндэсний комисс санал гаргаад, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас батална гэх мэт. Төр таны мэдээллийг ашигласан бол мэдээлэл ирүүлнэ. Тэрнээс бусдаар таны мэдээллийг хэн ч ашиглах ёсгүй. Дахин давтагдашгүй буюу хурууны хээг ашиглахыг бүрэн хориглосон. Хилээр нэвтрэх гэх мэт 4 тохиолдолд л хэрэглэнэ.   

Бид E-mongolia системээс зөвхөн мэдээлэл авах бус үйлчилгээ авах ёстой. Ингэхдээ заавал гарын үсгийг баталгаажуулалт хийнэ. Үүний тулд тоон гарын үсгийг хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд Тоон гарын үсгийн тухай хууль батлагдан хэрэгжиж байсан ч 30 гаруй мянган гарын үсэг авсан байгаа юм. Энэ хангалтгүй. Өргөн хэрэглээнд нэвтрэхгүй, иргэд ойлгохгүй, зарим ААН албан шахалтаар л авч байна. 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН 16 НАС ХҮРЭЭД ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ АВАХАД НЭГ УДАА, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТООН ГАРЫН ҮСЭГ ОЛГОНО

Тиймээс сая баталсан Цахим гарын үсгийн тухай хуулиар Монгол Улсын иргэн 16 нас хүрээд иргэний үнэмлэх авахад нь үнэ төлбөргүй иргэний үнэмлэхийн чип дээр нь нэг удаа олгохоор боллоо. Иргэн хэдэн ч гарын үсэгтэй байж болох бөгөөд төхөөрөмж дээр байрлуулна. Үүрэн холбооны операторууд сим карт дээр суулгаж байгаа бол USB, cloud дээр тоон гарын үсгээ байршуулаад ашиглах боломжтой юм. Энэ бүхэн Цахим гарын үсгийн тухай хуулиар шийдэгдэж, хүнд суртал багасч, баталгаажуулалт хийгдээд явна. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд иргэдэд тоон бичиг үсгийн соёлыг өргөн нэвтрүүлэх шаардлага үүсч байгаа. Сургалтуудыг зохион байгуулах ажлыг ХХМТГ болон шинээр байгуулагдах яам хариуцан хийх юм. 

УИХ-ын гишүүн, Инновац, Цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал 

Эдгээр хуулиуд хэрэгжээд ирэхээр бид мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Манай улс кибер аюулгүй байдлын индексээрээ дэлхийн улс орнуудын дунд 121 дугаарт эрэмбэлэгдэж байна. Олон Улсын кибер аюулгүй байдлын индексийг тодорхойлж буй байгууллага манай улсыг 1-рт кибер аюулгүй байдлаа хамгаалах тогтолцоогоо тодорхой болго, 2-рт кибер аюулгүй байдлын хуультай болохыг шаардаж байгаа. Тиймээс Кибер аюулгүй байдлын тухай хуулиараа дээрх асуудлуудаа маш тодорхой болгосон. Өмнө нь аюулгүй байдлыг хамгаалах хариуцах эзэн тодорхойгүй байсан бол шинэ хуулиар Үндэсний төв байгуулна.

Энэ нь төрийн онц чухал мэдээллийн аюулгүй байдлыг хамгаална. Тэгвэл иргэд, хувийн байгууллагын кибер аюулгүй байдлыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэргэд төв байгуулж хариуцан ажиллахаар хуульчилсан. Кибер аюулгүй байдлын асуудал бол онцгой нөхцөлд байгаа. Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж, тогтолцоогоо ойлгомжтой болгож, Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх эрхийг хувийн байгууллагуудад салбарын олгож, жилд 2 удаа аудит хийдэг байхыг шаардана. Ингэснээр цахим хөгжлийн багц хуулиуд буюу Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай гэсэн дөрвөн хууль бие биенээ нөхсөн маш чухал хуулиуд болж батлагдаж байна. 

Түүнчлэн Монгол Улс “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” гэсэн шинэ бий болсон дижитал орон зайд болж буй үйл ажиллагааг зохицуулах бие даасан хуультай боллоо. Энэ хуулийн үйлчлэх, зохицуулах хүрээг тайлбарлаж өгнө үү?

Хэдэн жилийн өмнө анимэйшн, уран зөгнөлт кино үзээд хиймэл баатрууд харж байсан бол тэрхүү виртуал, хийсвэр ертөнц бидний амьдралд ирчихлээ. Цаашид бидний амьдардаг ертөнцөөс өөр ертөнц бий болж байна. Виртуал шил зүүж, виртуал орчинд газар, хаус худалдан аваад, виртуал брэндийн хувцас өмсөөд, виртуал орчинд амьдарч болоод эхэллээ. Бидний хүүхэд, залуус чихэвч зүүгээд, хаалгаа дотроосоо түгжиж суугаад, хаалганы цаана бидний мэдэхгүй амьдрал өрнөж байна.

Тэгвэл өнөөгийн бид энийг зүгээр хараад орхих уу? эсвэл хөдөлсөн галт тэргэнд нь суугаад хамт алхаад үзэх үү гэдэг сонголтын өмнө ирсэн. УИХ-ын 76 гишүүн, Монгол Улс энэ тухай ярьсан яриагүйгээс үл хамааран виртуал хөгжил дэлхийд аль эрт хөдлөөд явчихлаа. Энд виртуал хөрөнгө бий болоод хөрөнгийг үнэлгээ, худалдаа явагдаж байна. NFT буюу оюуны өмчөөр баталгаажсан дижитал дуу, ном, бүтээгдэхүүний ашигтай загвар, зураг гарсан. Нөгөө хэлбэр нь койн буюу дижитал үнэ цэнийн илэрхийлэл. Энэ нь бүх нийтээр зөвшөөрөгдсөн төлбөрийн хэрэгсэл биш ч дижитал үнэ цэнийн илэрхийлэл юм. Үүний цаана эрэлтээс шалтгаалсан ханшийн хэлбэлзэл бий болж байгаа бөгөөд иргэд үүнд оролдцоод ашиг олох, алдагдал хүлээх нь тухайн хүний асуудал. 

МОНГОЛ УЛС ВИРТУАЛ ХӨРӨНГИЙГ ЗӨВШӨӨРӨӨД, ЗОХИЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ БАЙНА

Иргэд хоорондоо койноор худалдаа хийж, шилжүүлэхийг бид зохицуулах боломжгүй. Харин нэг арга байгааг ФАТФ зөвлөсөн. Монгол Улс ч энэ хүрээнд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай болох үүрэг хүлээсэн. Виртуал хөрөнгийн харилцааг зохицуулахад бэрхшээлтэй. Харин виртуал хөрөнгийг хориглох уу, зөвшөөрөөд зохицуулах уу гэдэг асуулт үүснэ. Манай улс хуулиа баталсанаар виртуал хөрөнгийг зөвшөөрөөд, зохицуулж байна. Ингэхдээ виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарыг хуульчилсан. Олон төрлийн койн арилжаанд гарахдаа аль нэг бирж дээр байршуулдаг. Үүнийгээ дамжуулж арилжаанд оруулсны эцэст мөнгө болгон гаргаж авах үед нь аль нэг банкинд очиж гарган авна.

Энэ үед нь л хяналт тавих боломжтой болох юм. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн ажлын хэсгийг би ахалж ажиллан тус хуулийг батлуулж байсан. Тэгвэл энэ хуульд мэдээлэх үүрэгтэй этгээд гэдэгт виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу биржүүдийг оруулчихсан. Ингэхээр мэдээлэх үүрэг хүлээж байгаа юм. Сэжигтэй гүйлгээ ирвэл Монголбанкинд бирж нь мэдээлэх үүрэг хуулиараа хүлээж байгаа юм. 20 саяас дээш гүйлгээг бүгдийг мэдээлнэ. Үүнийг Монголбанк шалгаад сэжигтэй гэж үзвэл блок хийх эрхтэй бөгөөд хууль цагдаагийн байгууллагад шилжүүлэх боломжтой юм.  

Мөн хуулиар үйлчилгээ үзүүлэгчидэд тавигдах шаардлагыг өндөрсгөсөн. Санхүү болон хүний нөөцийн чадамж, дүрмийн санг тогтоож өгнө. Ямар нэгэн койныг тухайн бирж гаргаад тухайн койн дээр асуудал үүсвэл бирж хариуцлага хүлээнэ. Төр хариуцлага хүлээх боломжгүй, харин шаардлагыг өндөрсгөж байгаа юм. Тиймээс Монгол Улс виртуал хөрөнгийг хориглож чадахгүй. Хориглолоо гээд зохицуулалт хийж чадахгүй. Өнөөдөр 800 мянган иргэн койн авчихсан. Эдгээр хүмүүсийн эрх ашгийг хөндөж болохгүй.

Иргэдийн эрх ашгийг хангаж, ФАТФ-ын зөвлөмжийг хангаж уг хуулийг баталж байгаа юм. Түүнчлэн шинэ санхүүгийн арга хэрэгсэл нэвтрэх буюу оюуны өмчөөр баталгаажсан биед бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болж байна. Оюуны өмчтэй, оюун санааны бүтээл туурвигчид өөрийн бүтээлээ үнэлүүлэх, дэлхийн зах зээлд гарах, таниулах сайн жишиг бүрдэнэ. Хамгийн чухал нь хөрөнгө оруулалт татах чиглэлд анхаарч ажиллана. 

Мэдээллийн технологийн ЧӨЛӨӨТ БҮС гэж юу вэ? Хуулийн төсөл санаачлах тухай та нэгэн ярилцлагадаа хэлж байсан. 

Мэдээллийн технологийн чөлөөт бүс, мэдээллийн технологийн гарааны бизнесийн чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүн байх үед Д.Цогтбаатар гишүүн бид нар хамтаар санаачилсан. Технологийн чиглэлийн Гарааны компаниудыг татваргүй, хөнгөлөлт эдэлдэг бололцоог хангах үндсэн зорилготой юм. Энэ төсөл олон нийтээс санал аваад явж байгаа. Харин одоо УИХ-аар Чөлөөт бүсийн тухай хууль хэлэлцэгдэж байна. Энэ хуулиар хил дамнасан чөлөөт бүсээс гадна Эдийн засгийн чөлөөт бүс байж болно гэж боломжийг нээнэ. Монгол Улсын Засгийн газраас Хөшигтийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх гэж байна. Үүнийг түшиглэн мэдээллийн технологийн чөлөөт бүсээ хөгжүүлэх гарцууд нээгдэнэ. 

МОНГОЛ УЛС “ДИЖИТАЛ ЧӨЛӨӨТ БҮС” БАЙГУУЛАХ ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛЖ БАЙНА

Түүнчлэн Буянт-Ухаа нисэх буудлыг агаарын тээврийн сургалт, жижиг тээврийн чиглэлээр хөгжүүлнэ. Ийм ерөнхий зориулалтын чиглэлээр хөгжүүлэх гэж байгаа учраас тэнд гадаадаас гарааны компаниуд ирээд чөлөөт бүсийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн дэлхийд гарахаар ажиллаж буй дотоодын гарааны компаниудыг ч тэнд бойжуулах боломжтой гэж харж байгаа. Тиймээс боловсруулж байгаа Мэдээллийн технологийн чөлөөт бүсийн тухай хуулиа удахгүй УИХ-д өргөн барина. Цаашдаа манай улс Дижитал чөлөөт бүс байгуулах зорилтыг дэвшүүлж байгаа юм. 

Бид саяхан л инновац гэхээр ойлгохгүй, төрийн үйлчилгээг цахимаар авахыг алс холын мөрөөдөл гэж төсөөлж явсан бол технологийн хөгжил өнөөдөр энэ бүхнийг бидний яг өмнө аваад ирсэн байна. Технологийн боломжоо даган хууль, эрх зүйн дэд бүтцээ бий болгож чадсан Монгол Улс ирээдүйд ямар хөгжилд хүрсэн байна гэж хэлэх вэ?

Төрийн алба болон төрийн албан хаагчдын хувьд ажиллах нөхцөл улам ойлгомжтой болж, мэдээллийн технологийн мэргэшсэн хүмүүс төрийн албанд ажиллаж эхэлнэ. Мэдээж батлагдсан хуулиудын хүрээнд салбар бүрт цахимжилттай холбоотой олон ажлууд хийгдэх болно. Ойрын таван жилдээ төрийн үйлчилгээ цахимжина. Авлигын индекс буурч, аз жаргалын индексээрээ дэлхийд нилээн дээгүүр бичигдэнэ. Олон улсын түвшинд харилцах, гадаадын хөрөнгө оруулалт татах шинэ арга замууд нээгдэнэ.

Манай улсын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөнө. Одоо 80 гаруй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа эдийн засгийн бүтцээ 20-30% нь оюун санааны бизнес, технологийн агууламж шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно. Ингэснээр иргэдийн амьжиргаа өсөх болно. Цахимжилт, технологийн хөгжил гэдэг бол бүх салбарт үнэ цэнийг нэмэгдүүлж, хөгжлийг нь хурдасгагч болно.