Ц.Цэцэнбаатар:

Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн шинэ тогтолцоо шаардлагатай байна


4 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Ц.Цэцэнбаатар: Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн шинэ тогтолцоо шаардлагатай байна
Ц.Цэцэнбаатар Хуульч, Өмгөөлөгч

Энэ намрын чуулганаар 1993 онд батлагдсан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн шинэчилсэн найруулга хийгдэнэ. Одоогийн хэрэгжиж буй хуульд тулгарч байгаа асуудал болон шинэчилсэн найруулгаар ямар зохицуулалт тусгах шаардлага байгаа талаар Хуульч, өмгөөлөгч Ц.Цэцэнбаатартай ярилцлаа.

Монгол улсад өнөөдрийн байдлаар ямар чиглэлийн хэдэн сүм, чуулган үйл ажиллагаа явуулж байна вэ ?

Үндэсний статистикийн газрын мэдээллээс харахад 2020 оны байдлаар Христийн 222, Будда 150, Исламын 27, бусад 11 шашины сүм чуулган үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн хувиараа шашин, сүсэг бишрэлийн зан үйл хийдэг үзмэрч, зөн билэгтэн, бөөгийн шашны удган, зайран хийдэг иргэд олон бий.

Монголчууд Үндсэн хуулиараа “Шашин шүтэх эс шүтэх” эрхээ хангуулсан байдаг. Энэ эрхийнхээ дагуу манайд олон төрлийн шашны сүм, чуулган үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ цаг үеийн шаардлагаар 20 гаруй жилийн өмнө батлагдсан Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа. Энэ намрын чуулганаар хэлэлцэх дээрх хуульд ямар өөрчлөлт нэн шаардлагатай байна вэ?

Манай улс Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал, зарчимд нийцүүлэн 1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталсан. Тус хуулийн дагуу Монгол Улсад олон шашны байгууллагууд зэрэгцэн оршиж, үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэнээс гадна сүм, хийд шинээр байгуулах зөвшөөрөл олгох ажиллагаа 1994 оноос эхэлсэн юм.

Манайд байгаа шашны байгууллагуудын үйл ажиллагаа өргөжихийн хэрээр иргэдийн шашинд хандах хандлага, шашин шүтлэгийн байдал өөрчлөгдөж, улмаар нийгэм, соёл боловсрол, эдийн засгийн гээд бүхий л салбарт хүчтэй нөлөө үзүүлж, дээрх хуульд өөрчлөлт оруулж хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ бий болоод удаж байна.

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн байдаг. Хэдийгээр хуульд ингэж заасан байдаг ч хамгийн түгээмэл тулгарч байгаа нэг асуудал бол шинэ сүмийн бүртгэл болон бүтгэлээ авсан сүмийн сунгалтан дээр зөвшөөрөл олгох асуудал нилээн хүндрэлтэй байдаг. Хууль тогтоомж судлахаар нэг бол төрийн байгууллага бүртгэдэг, эсвэл аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн асуудал яригддаг.

Сүмийн зөвшөөрөл өгөх асуудал бол энэ хоёрын аль алинд нь ордоггүй. Төр сүм хийдийн харилцааны хуульд “зөвшөөрөл олгоно” гэсэн үг байдаг. Үүнийг хууль хэрэгжүүлэгч нар ойлгохдоо аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрөлтэй адилтган үзэж эхлээд хороо, дүүрэг дээр очно, мөн зарим орон нутагт шашны асуудал хариуцсан мэргэжилтэн байхгүй учраас тодорхойлолт гаргаж өгөхгүй, хороо, багийн Засаг дарга нар өөрсдөө дургүй байвал бичиг хийж өгөхгүй байх зэрэг хүнд суртал их гаргадаг.

Уг нь хүний итгэл, үнэмшилд зөвшөөрөл олгож, юунд итгээд явж байна түүнд нь зөвшөөрөл олгоё гэдэг чинь өөрөө харьцангуй ойлголт шүү дээ. Хуульч, судлаачийн хувьд энэ асуудлын шийдлийг мэдэгдсэнээрээ бүртгэл үүсдэг, хууль зөрчсөн нь тогтоогдсон бол эрх нь цуцлагддаг ийм хэлбэрт шилжих зохицуулалт хэрэгтэй гэж хардаг. Түүнчлэн бүртгэл сунгалтын энэ систем тодорхой байхгүй бол Үндсэн хуульд заасан шашин шүтэх, эс шүтэх эрх хоосон тунхаглалын шинжтэй болно. Хүний шүтэх эрх юугаар хэмжигдээд байна гэхээр  шашны байгууллагаа байгуулж, шашны байгууллагын институци хөгжиж байж хүний шүтэх эрх хангагдана гэдэг талаас нь харах хэрэгтэй. Харин өнөөдөр хүн зүгээр л шүтэх эрхтэй гэхдээ зөвшөөрлийн өгөхгүй гэсэн тогтолцоо үүсээд байгаа.

Ц.Цэцэнбаатар хуульч, өмгөөлөгч

Хүний шашин шүтэх эс шүтэх эрхийг хязгаарлаж болохгүй. Гэхдээ шашны байгууллагуудад зөвшөөрөл олгохдоо ямар шалгуур тавих шаардлага байгаа вэ?

Хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа, харгис шашин сурталчилдаг, иргэдийг нийгмээс тусгаарлах, үндэсний зан заншилд хохирол учруулж болох “хүмүүнлэг бус” шашны урсгал сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зэрэг сөрөг үзэл суртал гаргж байгаа шашны номлолд шалгуур тавих хэрэгтэй. Энэ тал дээр  хамгийн сайн мэдээлэл өгч чадах газар бол дундын байгууллага буюу тухайн шашны байгууллагуудыг хариуцаж байгаа төв байгууллага байдаг. Энэ байгууллагаас тодорхой мэдээлэл авч,судалгаа, шинжилгээ хийдэг тогтсон тогтолцоо байвал уг нь сайн. Гэхдээ өнөөдрийн харагдаж байгаа жишгээр төрийн байгууллага сүм, чуулганд шалгалт хийхдээ тагнуул, цагдаа, татвар... гээд төрийн бүх байгууллагын төлөөллийг авчирдаг нь зарим талаар тухайн байгууллагын дотоод асуудалд хэт их орж, хүний итгэл бишрэл нандин зүйл уруу нь хэтэрхий орж, цагдах гээд байгаа зүйл харагддаг.

Энэ нь “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн зарчим зөрчигдөхөд хүрч байна. Иймд хуулийн өөрчлөлтөд шашны гаж буруу урсгал чиглэлийн талаар тодорхой заалт оруулж өгөхөөс гадна тухайн шашны байгууллагын анх бүртгэл хийлгэхэд нь оруулж байгаа дүрмийн сайн судлахаас гадна хэрвээ дүрмэн дээр оруулаагүй хуульд харшлах үйл ажиллагаа зохин байгуулж байгаа нь хуулийн байгууллагаар тогтоогдвол ямар хариуцлага ногдуулах талаар маш тодорхой заалт оруулах ёстой.

Манай улсад хэд хэдэн төрлийн томоохон шашны сүм, чуулган үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг хуулиар дээрх шашны байгууллагуудын асуудлыг зохицуулах боломжтой юу?

Өнөөдөр нийгмийн харилцаа нь хуулиасаа түрүүлээд явж байгаа учраас Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Нэг хуулиар бүх шашны асуудлыг зохицуулна гэвэл амаргүй. Ер нь шашны байгууллагууд бүтэц, зохион байгуулалтын тал дээр өөр өөр байдаг учраас хуулийн нэмэлт өөрчлөлтөн дээр  энэ асуудал дээр анхаарч ерөнхий зохицуулалтыг тодорхой зааж өгөхөөс гадна хуульд заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөх шашны бүлгийн хүмүүстээ тус тусд нь уулзаж саналын сонсож, хуулийн төсөлтөй танилцах боломж олгох хэрэгтэй. Яагаад гэхээр  шашны төлөөллүүдийг бүгдийн нэг дор цуглуулаад уулзахаар өөр өөрсдийнхөө байр суурийг хамгаалж мэтгэлцээн болдог.

Түүнчлэн нэг шашинг нэр зааж давамгай эрх эдлэхийг зөвшөөрсөн заалтаас зайлсхийх хэрэгтэй. Хэдийгээр манай улс шашны зөрчилдөөнгүй амар тайван улс нэг айлд өөр өөр итгэл бишрэлтэй хүмүүс бие биенийгээ хүлээн зөвшөөрөөд амьдарч байна. Гэхдээ шашин бүр эрх тэгш үйлчлэх ёстой. Үүнээс гадна шашны эрх зүйн судлал дээр гадаадын шашин гэсэн нэр томъёо байдаггүй, дэлхийн зонхилох шашин гэж ярьдаг. Иймд дээрх хуульд өөрчлөлт оруулахдаа шашны нэр томъёоны асуудал, шашны боловсрол, шашны байгууллагуудын санхүүгийн тайлан ил тод байх зэрэг гол гол асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай байна.