Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд хүчтэй өртсөн
2021.10.26

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд хүчтэй өртсөн

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгт БОАЖ-ын сайд Н.УРТНАСАН-гаас хуш модны самар түүхийг хориглохыг хүссэн албан бичгийн хариуг ирүүлсэн байна.

Манай улсын нийт газар нутгийн 9.1 хувь буюу 14255.9 мянган га нь ойн сан, 7.9 хувь нь ой мод гэж бүртгэгдсэн боловч ойн түймэр, хортон шавьж болон хүний хүчин зүйлээс шалтгаалан жил бүр энэ тоо буурч, хамгийн сүүлд 2021 оны мэдээллээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд хүчтэй өртсөнийг холбогдох судалгааны байгууллагын тайландаа дурдсан байдаг. Тайланд дурдсанаар Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд нэн хүчтэй нэрвэгдсэн.

Сүүлийн жилүүдэд маш их хэмжээний ой мод хортон шавьжинд идэгдэж сүйдэж, дахин ургах боломжгүй болсон, хөрөөдөж тайрсан байдалтай байгаа. Өнгөрсөн жил ногоон байсан ой өнөөдөр үнсэн саарал хатаж үхсэн мод болсон байна.
Ой цэвэрлэх нэрээр хулгайгаар ургаж байгаа мод бэлтгэж байгаа асуудал ч байгаа. Салбарын яам энэ тал дээр зохион байгуулж байгаа ч ажлын үр дүн төдийлөн хангалтгүй байгаа билээ.
МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар иргэд, байгууллагууд өнгөрсөн өдрүүдэд нийтээрээ мод тарьж байгаа ч арчилж ургуулах нь чухал асуудал. Гэхдээ тэрнээс наана одоо байгаа ой модоо хамгаалах нь тэргүүн ээлжний асуудал.

Энэ бүх учир шалтгаанаар одоо байгаа жаахан ойн сан бүхий газар нутгийг хамгаалах, ой модыг нөхөн сэргээхэд хүний хүчин зүйлээс шалтгаалсан ой мод гэмтээх, хугалах, гал түймэр тавих зэрэг сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор худалдан борлуулах, ашиг олох зорилгоор хуш модны самар түүж, бэлтгэх, цаашлаад экспортлохыг хориглохыг хүссэн албан бичгийн хариуг маань БОАЖ-ын сайд Н.Уртнасангаас ирүүлжээ.

Хуш мод нь үр жимсээ 25-45 насандаа өгч эхэлдэг. Гэтэл самар түүдэг иргэд хуш модыг хайр найргүй мунаар цохиж, хугалж, гэмтээж байгаа. Цаашлаад тухайн орчноо бохирдуулж, гал алдаж ойн түймэр хүртэл гарч байгаа. Өнөөдөр хэдхэн боргоцойг нь авахын төлөө 1 модыг үхүүлсэнээр дор хаяж 25 жилийн дараа шинэ мод ургах хүртэл самар дахиж ургахгүй болж байна.Тэгэхээр бид байгаа жаахан ой модоо хайрлахаас өөр арга байхгүй. Энэ хүсэлтийг ажил болгож, шийдвэр гарах хүртэл нь явна. Та бүхэн минь дэмжээрэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn