Г.Амартүвшин: Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт оруулж, Солонгосын Эксим банкны жишгээр явах юм билээ
2021.08.27

Г.Амартүвшин: Хөгжлийн банкинд бүтцийн өөрчлөлт оруулж, Солонгосын Эксим банкны жишгээр явах юм билээ

УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.


-Намрын чуулганаар нэлээд хэдэн ач холбогдолтой хуулийн төслүүд хэлэлцэгдэх нь гэж харсанТаны хувьд намрын чуулганаар ямар хуулийн төслүүд хэлэлцүүлэхээр ажиллаж байна вэ?

-Намрын чуулганаар 73 хуулийн төсөл хэлэлцэгдэхээр байна. Миний хувьд Газрын багц хуулийн төсөл, Даатгалын тухай хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Даатгалын салбарын тогтолцоог шинэчлэх цаг аль хэдийнэ болсон гэж харж байгаа. Жолоочийн албан журмын даатгалд зөрчил гаргахгүй жил бүр хураамжаа төлдөг жолооч нар урамшуулал хүртэх ёстой. Харин зөрчил дутагдал гаргадаг жолооч нарын хураамж нь жил бүр нэмэгдээд явах ёстой.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллана. Дээрээс нь, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэнэ. Уул уурхайгаас олж байгаа орлогыг тэр дор нь зарцуулаад явах бус ирээдүйд иргэдийнхээ баялгийн хуримтлалыг үүсгэх зарчмаар явах нь чухал байдаг. Сингапур, Казахстан, Норвеги, Канадын жишээнээс бид харж болно. Тиймээс энэ тогтолцоо руу шилжих нь зүйтэй. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Банк санхүү, санхүүгийн зах зээлтэй холбоотой хуульд илүү анхаарч ажиллах бодолтой байна. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Засгийн газар ковидын дараах эдийн засгийг дэмжих багц хууль оруулна.

Хөрөнгө оруулалтын тухай хууль, зөвшөөрлийн тухай хууль, танхимын тухай хуулийг багцлаад хэлэлцүүлэх байх. Түүнчлэн Чөлөөт бүсийн тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байна. Хөшигтийн хөндийг тойрсон чөлөөт бүсийг байгуулж эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцийг шийдэх, газрын олголтыг эмх замбараатай олгох юм бол бүхэл бүтэн эдийн засгийн бүс бий болох боломж бүрдэнэ. Олон улсын шуудан буухиагийн төв, гадны жуулчид ирээд амардаг цогцолбор ч байгуулж болно. Дээрээс нь урт хугацаандаа нийслэлийн түгжрэл бөөгнөрлийг сааруулах ач холбогдолтой.

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Хуулийн төсөлд зах зээлд гарч байгаа койнуудыг ямар зохицуулалтаар тусгаж байна вэОлон нийтийн дунд койн худалдаж аваад ихээхэн ашиг олох юм шиг төөрөгдөл үүсээд байна уу?

-Эдийн засгийн байнгын хорооноос Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг хуулийн талаар хэд хэдэн хэлэлцүүлэг хийлээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг батлах гол шаардлага нь ФАТФ-ын зөвлөмж дээр үндэслэсэн. Түүнчлэн иргэдийн зүгээс криптовалют буюу койнуудын талаар бүрэн ойлголтгүйгээс болж цахим залиланд өртөх магадлал өндөр байна. Криптовалют бол төлбөрийн хэрэгсэл биш. Энэ хуулийн гол зорилго нь хуулийн төсөл батлагдвал зах зээлд гарч байгаа койнуудыг бүртгэлжүүлж, койныг гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд тодорхой шаардлагууд тавина.

Одоохондоо манай улсад койн гаргаж байгаа ААН, иргэн ямар ч бүртгэлгүй. Засгийн газрын зүгээс энэхүү хуулийг өргөн барьсан шалтгаан бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх мөнгөний урсгалыг таслан зогсооход чиглэгдэж байгаа юм. Дэлхий даяар криптовалютаар хууль бус санхүүгийн гүйлгээ хийгдэж байна. Энэ мэт гүйлгээг манайх ямар нэгэн байдлаар газар авахуулахгүй байх, түүнийг хянах, шалгах цаашлаад таслан зогсоох зориулалттай хуулийн төсөл. Энэ хуульд ганц хоёр заалт нэмж оруулах ёстой гэж би үзэж байгаа.

Нэгдүгээрт, криптод хөрөнгө оруулж байгаа иргэдийг төөрөгдүүлэхгүй байх, эрсдэлийг маш тодорхой тайлбарлаж өгөх, маш өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Койн гаргаж буй ААН-үүд маркетингээ маш сайн хийж, иргэдэд өргөн цар хүрээтэй хүрэх арга хэмжээ аваад байдаг. Үнэн хэрэгтээ богино хугацаанд койны үнэ өсөөд тодорхой хугацааны дараа буурдаг. Ямар ч баталгаа байхгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Койн гаргасан ААН-үүд хэзээ ч баталгаа гаргахгүй. 100 төгрөгөөр койн худалдаж аваад 50 төгрөгөөр буурвал зөрүү алдагдлыг койн гаргасан ААН төлөхгүй. Төр засгаас ямар нэгэн төлбөр өгөхгүй. Маш өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт. Тиймээс энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа ААН-үүд иргэдэд эрсдэлийг тайлбарлаж, гэрээ байгуулахдаа ямар нэгэн баталгаа өгөхгүй гэдгээ дахин дахин сануулж байх хэрэгтэй байна.

-Хуулиараа койн гаргаж байгаа ААН-үүдэд эрсдэл үүсвэл хариуцлага хүлээлгэх зохицуулалт оруулж өгөх боломжтой юу?

-Энэ хуулийг дагаж зарим хуульд өөрчлөлт орж байгаа. Жишээ нь, Эрүүгийн хуульд өөрчлөлт орж байна. Одоогоор криптовалюттай холбоотой эдийн засаг санхүүгийн гэмт хэрэг гэсэн ойлголт байхгүй. Тиймээс үүнийг хуульд тусгаж оруулж өгч байгаа юм. Баруунд pumbing, dumping гэх стратеги тактик байдаг. Энэ нь койны үнийг янз бүрийн сошиал маркетингийн аргаар хөөрөгдүүлж өндөр үнээр койноо зараад хаячихдаг. Ийм нөхцөл байдал үүсэх эрсдэл манайд байна. Янз бүрийн койн хоорондоо худалдаалдаг платформууд бий.

Тэрэн дээр худалдаж авсан койноо зарах гэхээр гэнэт сервер нь унадаг. Үүнийг үйлчилгээ үзүүлж байгаа ААН койныг зарахад IT систем тасалдалгүй ажиллах ёстой гэх шаардлагыг хуульд тусгаж байгаа. Монголбанкны байр суурь бол маш тодорхой. Койн бол Монгол Улсын хуулийн дагуу төлбөрийн хэрэгсэл биш. Энэ бол цэвэр өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтын нэг хэлбэр. Ямар нэгэн ААН койн гаргаад сошиал инфлүүсер олны танил хүмүүсээр сурталчлуулаад үнийг хөөрөгдүүлж байгаад их хэмжээний алдагдалд хүрвэл бүлэглэсэн гэмт хэрэг болох эрсдэлтэй. Криптовалютын цаана нь байгаа блокчейн технологи бол мундаг технологи. Дэлхий даяар энэ технологийг өргөн цар хүрээтэй хэрэглэж байгаа.

Өнөөдөр манай улс гадаад улс руу мөнгөн гуйвуулга хийхэд маш хоцрогдсон өндөр өртөгтэй систем хэрэглэдэг. Блокчейн ашиглах юм бол гадаад төлбөр, гүйлгээг тэр дороо маш хямд үнээр хийгдэх боломжтой. Бид үүнийг ашиглах хэрэгтэй. Өнөөдөр койны тодорхой хэмжээний давлагаа үүсчихлээ. Үүнийг ашиглаж жижиглэнгийн хөрөнгө оруулагчид хөрөнгөө алдах юм бол зах зээлийн тогтвортой байдалд маш том эрсдэл учруулна. Койныг хөрөнгө оруулалтын хэлбэр гэдгийг манайх хуулиар хүлээн зөвшөөрөх гэж байна. Бусад орнууд бүрэн хориглочихсон, эвсэл манайх шиг хуульчлаад зөвшөөрнө, гэхдээ хяналттай байлгана гэсэн үг.

СЗХ виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниудыг бүртгэх болохоос тусгай зөвшөөрөл олгож байгаа зүйл огт биш. Койн худалдаж аваад эрсдэл үүсвэл төр засаг хариуцахгүй. Алдагдлаа иргэд өөрсдөө хүлээнэ. Маш өндөр эрсдэлтэй, савлагаатай хөрөнгө оруулалт учраас би маш хатуу байр суурьтай байгаа.

-Хөрөнгө оруулалтын тухай хууль намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. Энэ хууль батлагдсанаар хөрөнгө оруулагчдад олон давуу тал үүсэх байх гэж хараад байгаа?

-Энэ хуулийн талаар Засгийн газраас санал авна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой гэх хууль манайд үйлчилдэг. Ингээд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, лиценз, бичиг цаас тамга тэмдгээ хөөцөлддөг. Дэлхийд ийм ойлголт байхгүй. Эхлээд компани нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой болсны дараа хөрөнгө оруулдаг.

Бид тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, гадаад дотоод хөрөнгө оруулагч гэдэг ялгааг арилгах хэрэгтэй. Засгийн газар экспортоо дэмжиж, гадны валютын урсгалаа баталгаатай болгох ёстой. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банкны бүтцэд өөрчлөлт хийх шийдвэр гарсан байна лээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкийг Солонгосын ЭКСИМ банкны жишиг хувилбараар явъя гэж байгаа юм. Намайг Хөгжлийн банкны захирал байхад Засгийн газар олон улсын жишигт нийцүүлсэн удирдлагын систем тогтолцоонд оруул гэх чиглэл өгч байсан. Тэр үед дотооддын журам зэргийг боловсруулж ажил эхлүүлсэн ч зургаан сарын дотор гүйцээж хийж амжаагүй юм.

-Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банк шинээр зээл олгох нь битгий хэл татан буугдах хэмжээнд хүрсэн гэж хэлсэн. Үнэхээр тийм байдалд хүрчихсэн юм уу. Таныг гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад банкны нөхцөл байдал ямар байсан бэ?

-Миний хувьд энэ цочирдом мэдэгдэл биш байсан. Намайг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад 2.8 их наядын зээлийн багцийн бараг тал нь төлөгддөггүй байсан. Одоо мэдээлэл авахад тэр хэвээрээ л байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь авсан том том зээлүүд нь төлөгдөхгүй байна гэсэн үг. Томоохон зээлүүд болох Эрэлийн зээл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн зээл, MDM компанийн зээл, Хөтөлийн цементийн зээл, Алт-1 хөтөлбөрийн зээлүүд, Капитал банкны зээл, Чингис хаан банкны зээл байна.

Одоо хүртэл ямар нэг хөдөлгөөн ороогүй, төлөгдөөгүй. 2.8 их наяд төгрөгийн зээлээс 1.1 их наяд төгрөг нь төлөгдөхгүй байна. Үүнээс болж банкны үйл ажиллагаа доголдож, шинээр зээл гаргах боломжгүй болчихоод байгаа юм. Энэ мэт томоохон зээлүүд төлөгдөхгүй байгаагаас Хөгжлийн банк асуудалд орж байна. Сүүлийн үед сошиал, сөрөг хүчин, төлөгдөхгүй байгаа томоохон зээлийг авсан нөхдүүд намайг Хөгжлийн банкны захирал байхдаа муу зээл гаргасан, түүнээс болж санхүүгийн хүндрэлд орчихлоо гэж гуйвуулж гүтгэж байна. Энэ бүхэнд би хариуцлага тооцно. Би өмнө нь хэд хэдэн удаа хэлсэн.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал зээл олгох эсэхийг шийддэггүй. Төлөөлөн удирдах зөвлөл нь шийдвэр гаргадаг. УИХ-ын гишүүн болсноос хойш залуу гишүүдтэй хамтарч ажиллаж байгаа болохоор гүтгэлгийн шинж чанартай зүйл яваад байна. Намайг гүйцэтгэх захирлын албан тушаалыг авахад банкны дотоод дүрэм журмыг шинэчлэх, бүтцийн өөрчлөлт хий гэх даалгаврыг Засгийн газраас өгсөн.

Би орон тооны 15 хувийг цомхотгож, зардлыг хэмнэсэн. Муу зээлүүдийн араас хөөцөлд хэмээн даалгавар өгч, чанаргүй зээлүүдийг төлүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн. Түүнээс гадна экспортыг дэмжих төслүүдийг Засгийн газрын бодлогын дагуу Хөгжлийн банкны шалгуурыг давж байвал зээл гарга гэдэг үүрэгтэй ажилласан. Хөгжлийн банк арай ч Капитал банк шиг дампуурчихгүй байх. төрийн өмчит банк шүү дээ. Харин муу зээлүүдээ эргэн төлүүлэхэд маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй.