С.Чинзориг: Аавын минь голомт нутаг хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн байна
УИХ-ын гишүүн С.Чинзориг
2021.03.19

С.Чинзориг: Аавын минь голомт нутаг хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн байна

Өвөрхангай аймгийн Хужирт сумын дөрөв дэх цэцэрлэг нээлтээ хийлээ. Нутгаа гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн санаачлагаар баригдсан энэ цэцэрлэгийн газар хэрхэн, яаж бүтэж Улсын төсөвөөр баригдсан талаарх сонирхолтой мэдээллийг УИХ-ын гишүүн С.Чинзориг өөрийн цахим хуудаснаа оруулжээ.

Тэрээр:

Хужирт сумын төвд аав ээжийн минь голомт, эгч дүүс бидний өссөн хашаа байшин байсан юм. Ааваас хойш ээжийгээ хотод аваад ирсэн болохоор хашаа эзгүйрэх талдаа болсон ч зарж үрэлгүй хадгалж байсныхаа хэргийг гаргалаа.

Эгч дүүстэйгээ ярилцаад аав ээжийнхээ дурсгалыг мөнхжүүлж хүүхдийн цэцэрлэг барихад газрыг нь өгөхөөр шийдсэн юм. Барилга барихад газар нь арай л багадаад байсан тул хамар хашааных нь газрыг аваад сумын удирдлагуудад санал тавьж хамтран хөөцөлдсөнөөр 50 хүүхдийн цоо шинэ цэцэрлэг улсын төсвөөр босч энэ сарын 9-нд үүд хаалгаа нээлээ.

Энэ бол манай Хужирт сумын 4 дэх цэцэрлэг. Сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдах насны  570 гаруй хүүхэд бий. Тэдний 370 гаруй нь л цэцэрлэгт хамрагдаж чаддаг байсан бол шинэ цэцэрлэг нээгдсэнээр дахин 50 хүүхэд тохилог орчинд сурч хүмүүжих боломжтой болж шинээр 10 гаруй ажлын байр нэмэгдлээ.

Анги танхимын тохижилт, хүүхэд сурч хүмүүжих тохитой орчин бүрдүүлэх, багш нарт сургалт явуулахад шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом гээд олон зүйл хэрэгтэй байгааг эхнээс нь шийдвэрлээд явж байгаагийнх шинэ цэцэрлэг анхны эздээ хүлээж авахад бэлэн болоод байна. 

Цэцэрлэгийн хашаанд аав ээжийнхээ дурсгалд зориулан хөөрхөн чулуун хөшөө урлуулсан юм. Өвөр талдаа үр хүүхдээ эрхлүүлэн суугаа хоёр буурлаа, ард нь төрийн соёрхолт зураач Д.Амгалангийн алдарт “Ээжээ, сайн байна уу” зургийг бүтээлгэсэн нь сайхан болжээ. Ээж аавын голомт нутаг биднийг ивээж, эндээс жигүүрлэсэн хүсэл бүхэн биелэх болтугай.

Гэсэн мэдээлэлийг гишүүн өөрийн цахим хуудаснаа оруулсан нь нутгийн олоных нь сэтгэлд хүрч, талархсан сэтгэгдэлүүд ихээр ирсэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn