Л.Энх-Амгалан: Төлбөр авч гадаадын тэтгэлэгт хамруулж өгье гэсэн хүнийг надад мэдээллээрэй
2021.03.01

Л.Энх-Амгалан: Төлбөр авч гадаадын тэтгэлэгт хамруулж өгье гэсэн хүнийг надад мэдээллээрэй

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Оюутны тэтгэлгийн санг нээлттэй байх зарчмыг баримтална гэдгээ илэрхийлжээ.

Салбар яамны зүгээс гадаад төдийгүй дотоодын их, дээд сургуульд суралцагчдад олгодог зээлийн мэдээллийг ил тод болгох гэсэн байр суурьтай байгаа аж.

Учир нь БШУ-ны сайдад гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж өгөхийн тулд авлига авдаг талаар иргэнээс гомдол ирсэн байна.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан  “10,000 доллар өгвөл би гадаадын тэтгэлэгт оруулаад өгнө гэж хэлдэг юм байна. Ийм асуудал байгаа бол тэр хүний овог нэр, албан тушаал хаягийг надад хэлээрэй, өргөдлөө надад хаяглаж явуулаарай.

Ийм хүн манай яаманд ажиллаж байгаа бол явуулна. Авилгатай тэмцэх газраар шалгуулна. Боловсролын салбарт байгаа авилгыг энэ мэтчилэн арилгахгүй бол сонсож, дуулаагүй их юм байдаг бололтой” хэмээжээ.

Манай Улс гадаадад суралцаж байгаа оюутнууддаа нийт 3 төрлийн зээл олгодог. Дэлхийн шилдэг их дээд сургуульд тэнцсэн оюутнууддаа 2010-2020 онд 420,000 оюутанд зээл олгосон бөгөөд ний 880 тэрбум төгрөгийг төрөөс зарцуулжээ.