Обамагийн нууц яриаг сэтгүүлчид задруулав
2012.03.28

Обамагийн нууц яриаг сэтгүүлчид задруулав

 
  • Сонгуулийн дараа би илүү уян хатан байх болно. Д.Медведев: Ойлгож байна. Би үүнийг Владимирт дамжуулъя.
  • АНУ-ын Европт байрлуулахаар төлөвлөөд буй пуужингаас хамгаалах систем хоёр улсын харилцаанд олон ч жил чөдөр тушаа болж ирсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сөүлийн айлчлалаа дуусгаад нутагтаа очихдоо сонгогчдын өмнө нэг зүйлийг тайлбарлах ёстой болоод байна. Учир нь, ОХУ-ын төрийн тэргүүн Дмитрий Медведевтэй хийсэн түүний нууц яриа олон нийтэд тарчихаад байгаа юм. Сөүлд болсон цөмийн аюулгүй байдлын талаархи олон улсын чуулганд оролцсон хоёр улсын төрийн тэргүүн пуужингаас хамгаалах систем, цөмийн аюулгүй байдлын талаар 90 минут шахам албан уулзалт хийжээ. Харин уулзалтын төгсгөлд тэд бяцхан нууц яриа өрнүүлсэн нь унтрааж амжаагүй байсан микрофоноор дамжин сэтгүүлчдийн чихэнд хүрчихэж. Тэд ингэж ярьжээ.

 

Б.Обама: Энэ бүх асуудал, ялангуяа пуужингаас хамгаалах системийн тухайд шийдвэрлэж болно. Гэхдээ хамгийн гол нь тэр надад завсар зай өгөх нь чухал.

 

Д.Медведев: Тийм ээ, би ойлгож байна. Завсар зай өгөх тухай таны мессежийг ойлголоо.

 

Б.Обама: Энэ миний сүүлчийн сонгууль. Сонгуулийн дараа би илүү уян хатан байх болно.

 

Д.Медведев: Ойлгож байна. Би үүнийг Владимирт дамжуулъя.

 

Үүгээр  бол  АНУ  төв   Европт пуужингаас хамгаалах системээ байрлуулна гэсэн байр сууриндаа тууштай зогсч, ОХУ-ын дургүйцлийг төрүүлээд байгаа нь Б.Обамагийн сонгуулийн тактик бололтой. Тэрээр сонгууль хүртэл энэ байр сууриа хатуу барьж, сонгогчдыг татаад нэгэнт сонгогдсоны дараа бол В.Путинтэй , арай өөр аядуу маягаар хэлэлцээр хийж болох юм гэдгийг санал болгожээ.

 

АНУ-ын Европт байрлуулахаар төлөвлөөд буй пуужингаас хамгаалах систем хоёр улсын харилцаанд олон ч жил чөдөр тушаа болж ирсэн. Б.Обама, Д.Медведев нарыг шинэхэн Ерөнхийлөгч байх үед энэ талаар яриа хэлэлцээрт нэлээд ахиц гарсан ч харин дараагийн сонгууль ойртох тусам эргээд өмнөх байдалдаа орсон билээ. Харин энэ нь сонгууль, улс төрийн компанитай холбоотой гэдэг нь Б.Обамагийн дээрх ярианаас тодорхой харагдаж байгаа юм. Ноён Ерөнхийлөгчийн нууц шивнээ аль хэдийнэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарж, сэтгүүлчид ч энэ яриа нь ямар учиртай болохыг шалгааж эхлээд байна.

 

Энэ тухай Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Бен Роуд тайлбар хийхдээ "Энэ он бол бүхэлдээ улс төрөөр амьсгалсан жил. Орост сонгууль болоод удаагүй байна. Манайд хэдхэн сарын дараа болно. Тиймээс улс төр.оргилсон ийм жилд асуудал шийдэхэд хэцүү гэсэн утгаар хэлсэн" хэмээн тайлбарлажээ. Гэвч сонгуульд нэр дэвшигчийн хувьд дээрх яриа Б.Обамагийн рейтингэд нөлөөлж, өрсөлдөгчдөд нь өгөөш болох нь гарцаагүй гэж ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Б.Обама, Н.Саркози нарын бас нэг нууц яриа баригдаж, Францын Ерөнхийлөгч олны өмнө эвгүй байдалд орж байсан удаатай. Н.Саркози Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняхуг "худалч" хэмээн муулсан нь сэтгүүлчдийн диктафонд үлдсэн байсан юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.