С.Одонтуяа: Оюутнуудын өмнө тулгамдаж буй асуудлын талаар цахимаар уулзалт хийлээ
2021.01.11

С.Одонтуяа: Оюутнуудын өмнө тулгамдаж буй асуудлын талаар цахимаар уулзалт хийлээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа оюутнуудын өмнө тулгамдаад байгаа асуудлын талаар цахимаар уулзалт хийлээ.

Энэ удаагийн цахим уулзалтаар гишүүн Боловсролын Зээлийн сангаас олгодог оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж, гадаад зээл, сургалтын хөнгөлөлт олгох журамд удаа дараа орсон өөрчлөлтийн талаар ярилцлаа. Энэхүү өөрчлөлтөөс шалтгаалан олон оюутан хичээл завсардах, цаашид үргэлжлүүлэн суралцах боломжгүй болж байгаа юм.

Уулзалтаар оюутнууд дараах тулгамдсан асуудлуудыг Монгол Улсын Ерөнхий сайдаас асууж, тодруулж өгөхийг УИХ-ын гишгүүн С.Одонтуяагаас хүслээ.

  • Оюутны хөгжлийн зээлийг яг хэзээнээс олгох вэ? 
  • Буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй, хагас, бүтэн өнчин оюутнуудад олгодог буцалтгүй тусламжийг яагаад зогсоосон бэ? Урд жилүүдэд тусламжаар элсэн суралцаж байсан дээрх оюутнууд одоо хэрхэн төлбөрөө төлөх вэ? 
  • Дэлхийн ТОП 100 сургуульд суралцдаг оюутнуудад боловсролын зээл олгодог байсныг зогсоосноор маш олон оюутан цаашид суралцах боломжгүй болж байна. Энэ асуудлыг цаашид хэрхэн шийдэх вэ? 

Ийнхүү өнөөдрийг хүртэл тодорхой бус байгаа оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтийн асуудал олон оюутнуудын сурах боломжид хүндрэл учруулж байна.

Оюутны хөгжлийн зээлд хамрагдахын тулд сурлагын голч дүн 2.8, өнгөрсөн улиралд үзсэн хичээл нь 12 багц цагаас дээш байх ёстой гэдэг шалгуур тавьдаг. Энэ нь оюутнууд эцэг эхдээ төлбөрийн дарамт үзүүлэхгүй, чанартай суралцах боломжийг олгодог юм. 

Боловсролын сангийн зээлд 2017 оноос хойш 37 мянга гаруй оюутан хамрагдаж, 42 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn