Эх орон чинь ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЛЭЭ, иргэн та ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛААРАЙ
2020.12.09

Эх орон чинь ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЛЭЭ, иргэн та ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛААРАЙ

Дэлхийн улс орнуудыг өмнөө сөхрүүлж буй цар тахал манайхыг ч тойрсонгүй. Хэдийгээр бид бүтэн 10 сарын турш хориглон хамгаалах тулаан хийсэн ч яах аргагүй дэлхийн 216 улс орныг эзэлсэн хүч тэнцвэргүй “тулаанд” цагаан туг барилаа. 

Засгийн газар өнгөрсөн нэг сарын хугацаанд элдвээр хэлүүлэн байж, ямартай ч нэг сарын дотор халдварын хяналтыг тогтоож чаджээ. Тиймдээ ч эхний ээлжинд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, худалдаа үйлчилгээгээ нээж байна. Бас л том амжилт. Учир нь дэлхийн улс орнуудаас нэгхэн сарын дотор халдварынхаа тархалтыг хяналтадаа оруулж чадсан улс одоогоор алга.  

Энэ амжилтын эзэд бол яах аргагүй хүн ардынхаа төлөө нойр хоолоо умартан эрсдлийг сөрж, өдөр шөнөгүй ажилласан хууль хяналтын байгууллагын ажилтан, алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд, бүх шатны хяналтын байцаагчид. 

Тэд өнгөрсөн хугацаанд нийт халдварын эрсдлийг 10 дахин бууруулж, 557800 гаруй мянган хүнд шинжилгээ хийж, бүх боомтуудыг, стратегийн, экспортын ордууд дээр ажиллаж буй бүх иргэдээ, хамгийн гол нь улс орныхоо амин судас болсон эдийн засгаа хамгаалжээ. Тангараг өргөсөн юм чинь зүтгэ гэж чичлэхээс илүү иргэдийнхээ эрүүл, амар тайван амьдралын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн нэгэндээ талархаж суръя. Браво.

Эх орон минь эрэлхэг, охид хөвгүүдийнхээ хүчээр ийн үүргээ биелүүлж. Харин одоо иргэд бид хариуцлагаа ухамсарлаж, нэг нэгийхээ сайн сайхны төлөө хичээх л үлдлээ.  Эх орон надад өгөх ёстой гэхээсээ илүү би эх орондоо юу өгч чадах вэ гэж бодох цаг ирж байна.

Учир нь цөвүүн цаг биднээс холдоогүй байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Ковид-19-ийн тархалтын динамик зураглалаар энэ сарын 11-ний өдөр хөл хориог цуцалбал 2021 оны нэгдүгээр сард халдварын нууц үед байгаа хүний тоо өсөж, халдварын нийт тохиолдлын тоо 4-5 дугаар сард хамгийн дээд цэгтээ хүрэх хандлага ажиглагдаж байна.

Сэлэнгэ аймгийн тухайд энэ сарын сүүлээр халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж, үүний улмаас 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг харагдаж байна. Өөрөө хэлбэл халдварын хоёр дахь давлагаа эхлэх магадлал байна” хэмээн анхааруулсныг дахин сануулъя.