Л.Болд: Өнөөдөр танайх манайх, улс төрийн өөр байр суурь гэж байхгүй
2020.12.04

Л.Болд: Өнөөдөр танайх манайх, улс төрийн өөр байр суурь гэж байхгүй

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчийн хоригийг улс төржсөн алдаатай хориг болсныг шүүмжлэх гишүүд байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэсэгчилсэн хориг байсан бол ажил хэрэгч санал хэмжээн хүлээн авах боломжтой, одоогийн бүхэлд нь тавьсан хориг улс төрийн зорилготой байгааг хэлсэн юм.

Харин үүний хариуд Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд энэ цаг үед Монгол Улсад улс төр гэж байхгүй, танайх манай гэсэн талцал, улс төрийн байр сууриар биш иргэдийн амжиргаа, ААН-үүдийг дэмжих чиглэлд 24 цагаар ажиллах ёстойг хэлсэн юм.

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд "Хориг ярьж байгаа хандлага буруу тийшээ явчихлаа, харамсалтай байна. Бид хоригийг улс төржүүлж байна гэж бодохгүй байна. Өнөөдөр цар тахлыг дотооддоо алдчихсан нөхцөлд улс төржилт байх ёсгүй. Энэ бол хориг биш сануулга. Өнөөдөр Монгол Улсад улс төр гэж байхгүй. Бид 24 цагаар ажиллах ёстой шүү дээ. Нэг автобусны жолооч халдвар авахад юу болж байгааг харж байна. Өнөөдөр танайх манайх, улс төрийн өөр байр суурь гэж байхгүй. Та бүхэн ярьж байгаад шийд. Өдөр шөнөгүй сууж байгаад төсвийн тодотголыг батлаа биздээ. Айл өрхүүдээ, ААН-ээ дэмжих бололцоо гэж хараад шийдээсэй. Гол нь өнөөдөр бид илүү дутуу зардлын асуудлаа эргэж хараач гэж байгаа юм" гэсэн тайлбарыг өгсөн юм.

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн мэдээллийг өгч байсан. Харин өнөөдрийн хуралдааны үеэр МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хоригийг хүлээж авахгүй ч Ерөнхийлөгчийн зарим санаачилгыг УИХ-ын тогтоолд тусгах боломжтойг мөн хэллээ.