Б.Цэрэн: Дахивар хаягдлаа ангилж ялгаад, эцсийн бүтээгдэхүүн болгох боломжоо ашиглах хэрэгтэй
2020.09.23

Б.Цэрэн: Дахивар хаягдлаа ангилж ялгаад, эцсийн бүтээгдэхүүн болгох боломжоо ашиглах хэрэгтэй

Хан-Уул дүүргийн ИТХ, “Хоггүй Монгол” ТББ-ын “Явуулын Дахивар Авах Станц” хамтран “Хогоо ангилан ялгаж тушаасан иргэдэд урамшуулал олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус хөтөлбөрийн талаар Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэнгээс товч мэдээлэл авлаа.

- Хан-Уул дүүрэг ЭКО дүүрэг болох зорилт тавин ажиллаж байгаа. Энэ зорилтын хүрээнд хогийг ангилан хаях ажлыг эхлүүлсэн байсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

Хан-Уул дүүргийн ИТХ-аас  Гэмт хэрэг гаралтын гол шалтгаан нөхцөл болсон архидалтыг багасгах, эко орчин бүрдүүлэх зорилгоор ЭКО ДҮҮРЭГ- АРХИГҮЙ ОРЧИН аяныг өрнүүлж байгаа.

Энэ аянд иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдсээр байна. Эко дүүрэг гэхээр хамгийн түрүүнд хоггүй цэвэрхэн дүүрэг гэсэн дүрслэл буух ёстой.

Тиймээс бид хогны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болж байгаа юм. Монгол улсад жилд дунджаар 2,3 сая тонн хог хаягдал үйлдвэрлэгддэг. Үүний 1,4 сая тонныг Улаанбаатар хотоос гардаг гэсэн судалгаа байна.

2019 онд хийсэн дэлхийн банкны судалгаагаар Монгол иргэн нэг өдөрт 2,6 кг хог хаягдал үүсгэдэг нь Дэлхийд 12 дугаар байр эзэлж байгаа нь харамсалтай тоо баримт байна.

Тиймээс энэ тоог бага ч болов бууруулах зорилгоор “Хогоо ангилан ялгаж тушаасан иргэдэд урамшуулал олгох хөтөлбөр”-ийг Хан-Уул дүүргийн ИТХ, “Хоггүй Монгол” ТББ  хамтран хэрэгжүүлж байна. Дахивар хаягдлаа ангилж ялгаад, дахин боловсруулах компаниуд руу тушааж, эргээд эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэх боломж бидэнд бий. Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Үүнээс гадна иргэд хэрэглэхгүй хуучин хувцас, эд зүйлсээ хандивлаж болно. Тухайн эд зүйлсийг дүүргийнхээ эмзэг бүлгийн айл өрхөд өгдөг юм.

- Зарим иргэдийн хувьд дахивар бүтээгдэхүүний тухай ойлголт багатай байдаг шүү дээ. Ер нь дахивар хог хаягдалд ямар төрлийн хог хаягдал орох вэ?

Дахин ашиглагдах боломжтой хог хаягдалд цаас сонин, кардон цаас, хуванцар төрөл бүрийн ус,ундааны хуванцар сав, төрөл бүрийн шилэн сав, гялгар уут, хөнгөн цагаан лааз, HDPE  зэрэг ордог. Бид хог хаягдлыг ангилж хаях буюу хуванцар сав, цаас, лааз, шил, металл, гялгар уут гэх мэтээр ангилж хаях дадалтай болох хэрэгтэй юм. Эдгээр төрлийн хог хаягдлыг ангилахгүйгээр шууд хаях нь нэг талаар байгальд шингэхгүй олон жил булшлагдах хог хаягдлын “үйлдвэрлэгч” болж байгаа юм.

- Хогийг худалдаж авдаг гэсэн. Ер нь ямар үнэ ханшаар худалдаж авдаг вэ?
Хогоо тушаагаад эхлэхээр хэд хэдэн давуу тал бий болдог. Мэдээж хогоо мөнгө болгож байна. Энэ нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Мөн хэрэглээний сонголтуудаа зөв хийдэг болсон. Гэрээсээ аль болох хог гаргахгүйг бодно. Өөрөөр хэлбэл, хайрцаг, савыг нь харж бүтээгдэхүүн сонгодог. Дахин боловсруулах боломжтой, дахивар авах цэгт тушааж болох савлагаатай бүтээгдэхүүн авдаг.

Бид 500-900 граммын варейний шилийг 60-80 төгрөгөөр, архи, дарс, пивоны шил 20 төгрөг, газны лааз 20 төгрөг, хуванцар савыг 50 төгрөгөөр харин гялгар уут нэг  кг нь 50 төгрөгийн үнэ ханшаар иргэдээс худалдан авдаг.

-Тус аяныг хэдий хугацаанд өрнүүлэх вэ? Иргэдийн идэвх, хандлага хэр байна.

Тус аяныг дүүргийн хэмжээнд  жил бүр өрнүүлэх болно. Иргэд ч их нааштайгаар хүлээн авч, дэмжин ажиллаж байгаа. Мөн маш олон иргэдээс энэ аяныг удаан хугацаанд, олон байршилд хэрэгжүүлж өгөөч гэсэн саналыг тавьсан.  

Эко дүүрэг болох зорилтын хүрээнд сургууль, цэцэрлэгүүд болон нийтийн эзэмшлийн газруудад ангилан ялгах хогийн сав байршуулсан байгаа. 

Мөн дүүргийн хэмжээнд нийт бүх Аж ахуйн нэгж байгууллагуудад хогийг ангилан ялгадаг дэлхийн соёлыг хэвшил болгож ард иргэдэд  сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх төлөвлөгөөт ажлуудыг хийсээр байна. Хог хаягдлыг анхнаас нь ангилан ялгах нь агаар, ус, хөрсний бохирдол үүсгэхгүй, эрүүл мэндэд ач тустай.

Түүнээс гадна дахин боловсруулалт явагдсанаар улсын эдийн засгийн өсөлтөд ч нэмэртэй тул иргэн хүний үүргээ биелүүлж, хогоо ангилж хэвших нь хэрэгтэй. Хүн бүр халдварт өвчнөөс өөрийн болон гэр бүл, бусдын эрүүл мэндийг хамгаалах гэж дор бүрнээ хичээж байгаа шиг хогоо ангилан ялгаж сурвал эргээд агаар орчны бохирдлыг бууруулаад зогсохгүй нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж буй хэрэг юм.