Ерөнхий сайд У.Хүрэлсүх яамдын ажилтай танилцах ажлаа ГХЯ-наас эхэллээ
2020.09.07

Ерөнхий сайд У.Хүрэлсүх яамдын ажилтай танилцах ажлаа ГХЯ-наас эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Гадаад харилцааны яаманд ажиллаж, яамны хамт олонтой уулзлаа.

Тэрээр өнөөдрөөс эхлэн төрийн бүх яамны үйл ажиллагаатай танилцаж, ирэх 4 жилд хийж бүтээхээр төлөвлөж буй ажил, хийсэн ажлыг сонсож үүрэг даалгавар өгөхөө мэдэгдэж, энэхүү ажлаа ГХЯ-наас эхэлж буйгаа мэдэгдлээ. 

Засгийн газрын тавьж буй зорилт, төрийн албан хаагчид, түүний дотор төрийн тусгай албанд ажиллаж буй дипломат албаны ажилтнуудын өмнө тавигдаж буй шаардлагын талаар ярьж, албан хаагчид ажлаа ёс төртэй, хариуцлагатай гүйцэтгэх талаар үүрэг даалгавар өгөв.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсын гадаад бодлого, сүүлийн үед хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг “Нэг цонх”-ны зарчмаар хэрэгжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв. Тэрээр гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд  тулгарч буй шийдвэл зохих асуудлын талаар мөн танилцуулав.

Ерөнхий сайд яамны хамт олонтой уулзсаны дараа тус яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг, ГХЯ-ны ой санамж болох архив болон музейн үйл ажиллагаатай танилцаж, яамны хамт олонтой дурсгалын зураг авахуулав.

Манай улсын 200 гаруй мянган иргэн гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч байна.