Н.Энхболд: Сар шинийн өдрүүдэд нийслэл болон орон нутгийн замыг хаах асуудал яригдаагүй
2020.02.19

Н.Энхболд: Сар шинийн өдрүүдэд нийслэл болон орон нутгийн замыг хаах асуудал яригдаагүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гамшгаас сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 30-ныг дуустал сунгах шийдвэр гаргажээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийлээ.

Тэрээр “Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 оронд 73 мянга гаруй хүн шинэ коронавирусийн халдвар аваад байна. Нийт өвчлөлийн 99.8 хувь нь БНХАУ-д байна. Шинжээчдийн үзэж байгаагаар БНХАУ-д өргөн тэмдэглэдэг хаврын баярын үеэр халдварын голомт Ухань хотоос олон хүн орон даяар аялал хийсэн. Уханиас гэхэд таван сая, БНХАУ-ын хэмжээд 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь халдвар тархахад нөлөөлсөн. Шинэ коронавирсийн нууц үе удаан, халдварлах байдал бүрэн тогтоогдоогүй байна. Өвчнөөс сэргийлэх арга хэмжээгээ сулруулахгүй байх зөвлөгөөг ДЭМБ-аас анхааруулж байгаа. Олон улсын эрдэмтэн, судлаачид өвчний тархалт дөрөвдүгээр сараас буух магадлалтай гэсэн таамаглал дэвшүүлж байгаа юм байна.

Шинэ коронавирус гарснаас хойш БНХАУ-аас ирсэн 179 монгол иргэнийг тусгаарлаад, шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирус илрээгүй байна. Гэхдээ манай улсад коронавирус тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Хоёрдугаар сарын 11-нд дахин үнэлгээ хийхэд Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр гэж гарсан. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байсан хугацааг гуравдугаар сарын 30 дуустал сунгаж, тогтоол гаргалаа” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлээс гарах, орох замын хөдөлгөөнийг хаана гэсэн мэдээлэл байна?

-Одоогоор Улсын онцгой комисс болон Засгийн газар дээр хот хоорондын хөдөлгөөнийг хаах, хорих асуудал яригдаагүй байна. Цагаан сар болтол нэлээд хугацаа байна. Тухай бүрт нь дүн шинжилгээ хийж энэ асуудлыг ярьж болох юм. Зарим аймгууд зам хаасан гэсэн мэдээлэл аваад байгаа. Үүнийг бид лавлах ёстой. Яагаад гэвэл тухайн аймаг дангаараа ийм шийдвэр гаргаж болохгүй. Зам тээврийн сайдтай харилцан зөвшилцөн гарах ёстой.

-Спорт, фитнесс заалны үйл ажиллагааг зогсох уу. Иргэд олноороо бэлтгэл хийвэл яах в?

-Спорт, фитнессын заалыг хаах шийдвэр гаргаагүй. Спорт заалуудад олон нийтийг хамарсан тэмцээн уралдааныг зохион байгуулж болохгүй. Харин найз нөхөд, хэсэг бүлгээрээ цуглаад спортоор хичээллэхийг хориглоогүй.

-Хил хаах, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дахин 28 хоног сунгаснаар төсөв, эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Энэ тооцоо судалгааг хийж, Засгийн газрын хуралдаанаар ярьсан уу?

-Нэгэнт хил гаалийг хаасан тохиол дэлхийн эдийн засагт нөлөөлнө. Манай төсөвт ч нөлөөлнө. Хамгийн нэгдүгээрт энэ өвчнийг оруулж ирэхгүй байх нь л чухал байна. Хэзээнээс нүүрсээ гаргаж эхлэх вэ гэдгийг шийдээгүй байна. Хятад гуравдугаар сарын 28-н хүртэл хорио цээрийн хугацаагаа сунгасан байна. Тиймээс энэ дан ганц манай улсаас хамаарахгүй. Энэ хооронд дутагдаж, алдагдаж байгаа төсвийн орлогоо хэрхэн нөхөх дараа дараагийн арга хэмжээг аваад явна.