Х.Нямбаатар: Гүтгэх асуудлаар сэтгүүлчид эрүүгийн гэмт хэрэгтэн болохыг МСНЭ дэмжсэн
2020.01.14

Х.Нямбаатар: Гүтгэх асуудлаар сэтгүүлчид эрүүгийн гэмт хэрэгтэн болохыг МСНЭ дэмжсэн

Эрүүгийн хуулийн талаар Хуульзүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодрууллаа. 


-Зөрчлийн хууль дахь гүтгэх, доромжлохтой холбоотой заалтыг эрүүгийн хуульд оруулсан юм байна. Ингэснээр сэтгүүлчид шууд эрүүгийн хэрэгтэн болох боломж бүрдэж байгаа гэж ойлгож байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хоёр зүйлийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл Засгийн газраас орж ирсэн. 2017 оны долдугаар сараас эдгээр хуулиуд хэрэгжиж эхлээд, хэрэгжих явцад гарсан зарим зөрчил, хийдэл, давхардлыг арилгах зорилгоор энэ өөрчлөлтүүд орж ирж байгаа гэж хуулийн үзэл баримтлалд тусгасан байсан. Энэ хуулиар зарим зөрчлүүд эрүүгийн гэмт хэрэг болж байгаа. Тухайлбал, гүтгэх доромжлох үйлдлийг Эрүүгийн хуульд оруулж ирснээр энэ нь эрүүгийн гэмт хэрэг болж байгаа юм. Эрүүгийн хуульд байгаа гэмт хэрэгтэй уялдсан зөрчлүүдийг Зөрчлийн тухай хуульд оруулсан. Тухайлбал, ажлын байрны бэлгийн дарамтыг зөрчлийн тухай хуульд оруулсан гэсэн үг. Ажлын байран дахь бэлгийн дарамт шинжтэй үг хэл, сэтгэлзүйн шахалтыг зөрчил гэж үзэж, харин үйлдэл буюу бэлгийн харьцаанд орсныг хүчингийн гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулиар зохицуулах юм. Эцэг эх байх үүргээ биелүүлээгүй бол мөн зөрчлийн хуулиар шийдвэрлэхээр тусгасан. Олон мянган эцэг, эх хүүхдийн тэтгэмж төлөхөөс зайлсхийсэн судалгаа байна. Энэ мэт олон өөрчлөлт орж байгаа.

-Сэтгүүлчид ажлаа хийснийхээ төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болох эрсдэл өндөр боллоо шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан заалт гэж сэтгүүлчид үзэж байна?

-Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудал эрүүгийн гэмт хэрэг болж байгаа явдал нь ХЗДХ-ийн яамнаас орж ирсэн. Ажлын хэсэгт Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагуудыг байлцуулан тал бүрээс нь ярилцсан. Энэ томьёололд санал нэгдсэн учраас баталсан гэж ойлгож болно. Гүтгэх, доромжлох хэргийн субъект нь зөвхөн сэтгүүлчид биш. Энэ бол бүх хүнд хамааралтай. Өөрөөр хэлбэль хүний нэр төр, алдар хүндэд халдаж олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан илтэд худал мэдээллийг цахим сүлжээгээр тараасныг гэмт хэрэг гэж үзэж байгаа. Шийтгэл нь торгуулийн санкцтай гэсэн үг. Бусдын талаар илт худал мэдээлэл тараагаагүй, сэтгүүлзүйн чиглэлээр хийж байгаа мэдээ, мэдээллийг хэвлэн нийтэлснийхээ төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болно гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол гэмт хэрэг гэж үзэх юм. Баримт нотолгоотой мэдээллийг тараах сэтгүүлчдийн эрх нь одоо ч , цаашид ч нээлттэй. Гүтгэх доромжлохыг хорих ялтай болгоё гэдэг асуудал ч хэлэлцүүлгийн явцад яригдаж байсан. 

-Торгуулийн хэмжээ нь Зөрчлийн хуульд заасан байснаас нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Торгуулийн хэмжээ өөрчлөгдөөгүй. Өмнөх Зөрчлийн хуульд байсан хэмжээтэй адилхан байгаа. 

-Авлига, албан тушаалын хэргээр хөөн хэлэлцэх асудлын талаар мэдээлэл өгөөч?

-2017 оны долдугаар сарын нэгнээс хойш үйлдэгдсэн болон шалгагдаж байгаа авлига, албан тушаалын хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооё гэсэн агуулгатай төсөл боловсруулж оруулсан. Тухайлбал, өнөөдөр мөрдөн байцаалтын шатанд байгаа авлига, албан тушаалын хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй зогсоно гэсэн үг. Зөвхөн мөрдөн шалгах хугацааны тухай ярих юм. Мөрдөн шалгах хугацаа нь тухайн төрлийн гэмт хэргийн ерөнхий ангид заасан хөөн хэлэлцэх хугацааг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэх хугацаа байдаг. Прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин сэргээж шалгахаар болж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин сэргээж шалгах юм.