Ерөнхий сайдад асуулга тавилаа
Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, холбогдох бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Мөн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хэлэлцээд хоёр талтай гэж үзжээ. Нэгдүгээрт, Үндсэн хуулинд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлнэ гэсэн заалттай. Цэцийн дүгнэлтийг харахад Цэц сонгуулийн ямар тогтолцоо, ямар бодлого барихыг шууд зааж өгч байна хэмээн бүлгийн дарга Ч.Сайханбилэг онцлов.
Тэрбээр «УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд хуулинд өөрчлөлт хийж, зүйл заалтуудыг хүчингүй болгох ажлыг хийдэг. Гэтэл Цэц УИХ-ын өмнөөс дэндүү санаа зовж, бүх асуудлуудыг хийж дуусгасан байна. Энэ нь эргээд Үндсэн хуулийн гол зарчим хууль тогтоох эрх мэдэл рүү халдсан хэрэг боллоо. Ардчилсан намын бүлэг Сонгуулийн хуулийн ажлын хэсэгт орж ажиллах үед намын нэрээр 28 хүн нуугдаж орж сонгогдох нь чухал уу, ард түмнээс авсан саналынхаа тоогоор эрэмбэлэгдэх нь чухал уу гэдгийг бид ярьсан. Ингээд ард түмнээсээ сонгогдоод авсан саналаараа эрэмбэлэгдэж орох хэрэгтэй гэдэг саналыг дэмжсэн. Гэтэл энэ саналыг Үндсэн хуулийн Цэц эсэргүүцэж байна. Тиймээс манай бүлгийн гишүүд чуулган, байнгын хорооны хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үед дээрх асуудалд тулгуурлан хэлэлцүүлэгт оролцох болсон» гэлээ.
Мөн бүлгийн хурлаар Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэж, Үндсэн хуулийн 41.1-д заасны дагуу Монгол Улсын бүх хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцна гэсэн заалтын дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Ерөнхий сайдыг урьж авчирч, Орон нутгийн сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах талаар хэрхэн ажилласан тухай мэдээллийг нь сонсъё гэж шийдвэрлэжээ. Энэ үеэр . УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдээлэл хийсэн юм. Тэрбээр «Засгийн газрын нэр бүхий гишүүдийг АТГ-т шалгуулахаар өгсөн. Тэр гомдлын дагуу үүсгэсэн эрүүгийн хэргийг өнгөрсөн баасан гарагт хэрэгсэхгүй болголоо. Нийслэлийн прокурорын газар Монголын ард түмнийг доромжилсон бичиг гаргасан байна. Өнөөдөр хүчний байгууллагуудад авлига газар авчээ. Прокурорын энэ шийдвэрийг авлига гэдгийг бичиг үсэг мэддэг хүн болгон ойлгоно. Асуудлыг шат шатны газруудад мэдэгдэнэ » гэлээ.