2019.10.11

Б.Бат-Эрдэнэ: 6 хүн амиа алдчихаад байхад энгийн зүйл мэтээр асуудалд хандмааргүй байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.11/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын асуулга болох сайжруулсан түлшний талаарх Засгийн газрын мэдээллийг сонсч байна. Асуулгын хариуг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.

Асуулгын хариутай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

"Шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй. Ийм хөшүүн хойрго байж болохгүй. Баруун европын оронд гудамжиндаа угаартаж унасан гэж хэллээ. Манайд ийм байдал гарсан. Н.Алтанхуяг сайдын үед Багануурын нүүрсийг хотод оруулж ирж болохгүй гэж хэлээд байхад оруулж ирээд агаарын бохирдол өмнөхөөсөө 30-40 хувь нэмэгдсэн. Гэтэл харагдах байдал ийм ч агаарын чанар сайжирсан гэж тайлбарладаг. Тэрнээс хойш УИХ-ын гишүүд өдөр бүр шаардсаар байгаад 212 дугаар тогтоолоо ажлын хэсэг байгуулсан. 2018 оны 1 сард 2 байнгын хорооны хамтарсан тогтоолыг гаргасан. Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн. Түүний нэг нь энэ түлш юм. Судалгаа туршилтын талаар онцгой анхаараарай. Өндөр калоритой нүүрсээр сайжруулсан түлш хийх нь эрсдэлтэй тухай асуудал тавьж л байсан. Гэтэл өнөөдрийн ийм асуудал үүсэж 174 хүн угаартсан. Бөөнөөрөө гамшигт нэрвэгдээд 6 хүн амиа алдчихаад байхад энгийн зүйл мэтээр асуудалд хандмааргүй байна.

Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэдэг шиг одоо энд тэнд шинжилгээ хийлгэхээр явуулсан ч гэх шиг. Өмнө нь яагаад шинжилгээ хийгээгүй юм бэ? Туршилт хийгээд баталгаажуулаагүй. Одоо онцгой анхаарахүйц бол энэ маягаар зүтгээд байвал дахиад хэдэн иргэний амь насыг хохироох гэж байна вэ? Энэ ноцтой асуудал шүү."