С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв
2019.10.02

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн 20 дугаар зууны нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсан одоогоос 21 жилийн тэртээ буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт амь насаа алдсан юм.

Монголын хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгод  хар сүүдэр болж түүхэнд бичигдсэн энэ "Хар өдөр"-ийг Монголын ард түмэн мартаагүй байна. Одоогоос 21 жилийн тэртээ хэрцгийгээр хөнөөгдсөн С.Зориг агсны хөшөөнд түүний төрсөн ах Санжаасүрэнгийн Баяр тэргүүтэй МоАХ-ны журмын нөхөд, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан болон ард түмний төлөөлөл хүндэтгэл илэрхийлж цэцэг өргөлөө. Өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн энэ хэргийн захиалагчийг илрэх болов уу гэсэн хүлээлттэй байсаар байгаа.

Энэ үеэр С.Зориг агсны төрсөн ах С.Баяр сэтгүүлчдэд хандан: “Та бүхэн мэдэж байгаа. Аллага үйлдэгдээд 21 жил болж байна. Өнгөрсөн он жилүүдэд Зоригийн ар гэр биднээс төр засагтаа хандаж уг хэргийг илрүүлж шийдвэрлэх талаар олон удаа хүсэлт гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэг бүрэн илэрч шийдэгдээгүй байгааг та бүхэн харж байна. Бидний хувьд, хэргийн захиалагч, ялангуяа энэ аллагыг зохион байгуулсан эздийг олж илрүүлэхээс нааш бидний гомдол тайлагдахгүй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ хэрэгт тэр сэтгүүлчдийн үүрэг маш чухал гэж бодож байна. Бид хэрэг илэрнэ гэж итгэсээр ирсэн. Ер нь ар гэр бидний төдий биш, Монголын ард түмний хүүгийн нь хувьд, түүний амь насыг хөнөөсөн гэмт этгээдүүдийг илчилсэн эцсийн хариуг сонсоно гэж итгэж хүлээж байгаа” гэлээ.

ОУПХ-ны удирдах зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлтийн хүрээнд байгуулсан, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шийдвэрийг судлах үүрэг бүхий Түр хорооны гишүүдээс С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөсөн юм.

Уг түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Өнөөдрийг хүртэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг үнэн зөвөөр нь илрүүлэх, алуурчид, захиалагч нарт хариуцлага тооцохыг Монголын төрд ажиллаж байгаа нөхдүүд хүсэхгүй байгааг олон түмэн харж байна. УИХ-д гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Ц.Нямдорж нарын 7 гишүүн оролцсон Түр хороог 1998 оноос хойш 20 дахь жилд нь 2018 онд бид байгуулж чадлаа. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчид, захиалагчид илэрнэ гэдэгт итгэлтэй байгаа”  хэмээн онцолсон юм.

Энэхүү аймшигт хэргийн талаар 20 жилийн дараах зарим тоон мэдээллийг эргэн дурсвал, 2016 онд буюу 18 жилийн дараа уг хэргийг илрүүлснийг зарласан ч захиалагч илрээгүй. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган, ял сонсгоод байгаа.

Одоогоос 21 жилийн өмнө болсон энэхүү аймшигт хэргийн газарт орж, гарсан хүний тоо нийтдээ 74 бөгөөд үүнээс цагдаа, прокурор, шинжээч 17 хүн, УИХ, Засгийн газрын гишүүн, талийгаачийн найз нөхөд, намынх нь нийтдээ 57 хүн байсан гэдэг.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх Ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбатыг хүлээж авахад 27 хавтаст хэрэг иржээ. Шүүхэд шилжүүлэхэд хавтаст хэргийн тоо 58, шүүх эцсийн шийдвэрээ гаргахад 66 болсон. Хэргийг шалгах явцад 4 ажлын хэсгийн 32 ажилтан солигдсон гэсэн баримт байдаг.