Л.Гантөмөр, Ц.Байгалмаа нарт Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардууллаа
2019.09.13

Л.Гантөмөр, Ц.Байгалмаа нарт Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардууллаа

Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслол болон баярын хүлээн авалтыг Элчин сайдын өргөөнд өчигдөр /20196.09.12/ зохион байгууллаа.

Энэхүү өргөмжлөлийг жил бүр Япон улс, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог бөгөөд энэ жилийн өргөмжлөлийн эздээр Монгол Улсад Япон маягийн техникийн коллежийг таниулан дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан Боловсролын сайд асан Л.Гантөмөр, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч  Цагааны Байгалмаа нарт гардууллаа.

Монгол Улсад Япон маягийн техникийн коллежийг таниулан дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Боловсролын сайд асан Л.Гантөмөр  нь 1992 онд Коосэний хоёрдох ээлжийн Монгол оюутнаар Японд суралцжээ. Тэрбээр Японд 1000 инженер сургах хөтөлбөрийг эхлүүлсэн.

Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн монгол дахь тэргүүн, НИТХ-ын Төлөөлөгч Ц.Байгалмаагийн хувьд анх 1990 онд япон улсад Токиогийн Технологийн Коллежид Японы Засгийн газрын тэтгэлгээр  суралцаж төгссөн Коосэн төгсөгч бөгөөд, дараа нь Японы үндэсний их сургуульд  хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр доктороо хамгаалан, улмаар Япон улсын төслүүдэд судлаач эрдэмтэн, Японы Шизуокагийн Их Сургууль, Хамацүгийн Анагаахын Их Сургууль, АНУ-ын Харвардын Их Сургуулийн Анагаахын Их сургуульд судлаач багш зэрэг инженерийн чиглэлээр ажиллаж байсан.

“Коосэн” (高専) гэдэг бол япон хэлний “Өндөр төвшний”, “мэргэжлийн”, “сургууль” гэх гурван үгний товчлол аж. Товчхондоо КООСЭН нь дунд сургуулиа төгссөн 15 настай сурагчдад таван жилийн хугацаанд өндөр түвшний мэдлэг олгож ур чадвартай инженерүүдийг бэлтгэдэг боловсролын систем юм. Одоогийн байдлаар Монголд гурван Коосэн технологийн сургууль үйл ажиллагаа явуулж, Монголд нэн шаардлагатай байгаа өндөр мэдлэг, чадвартай инженерүүдийг бэлтгэж байна.

ЯПОН УЛСАД 3100 ОРЧИМ МОНГОЛ ОЮУТАН СУРАЛЦАЖ БАЙНА

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока өргөмжлөл гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Япон улсад 3100 орчим Монгол оюутан суралцаж байна. Энэ нь 1000 хүн тутмын нэг нь Япон улсыг сонгож суралцаж байгаа нь Япончуудын хувьд баярлууштай бөгөөд үүний зэрэгцээ өндөр хариуцлага юм. Японд сурч, ажиллаж байхдаа олж авсан туршлага, соёлыг Монголдоо авчран эх орныхоо хөгжилд томоохон хувьд нэмэр оруулна гэдэгт Япончууд бид итгэдэг учир Монгол залуусыг цаашид улам ихээр дэмжих болно.

Монгол Улсад Японы загвар болсон боловсролын тогтолцоог хөгжүүлж байгаад туйлын баяртай байна. Үүний нэг нь Коосэний боловсролын тогтолцоо болох текник, технологийн мэргэжлээр мэргэшин практик ур чадварыг эзэмшсэн боловсон хүчнийг бэлтгэдгээрээ онцлог. Япон маягийн техникийн коллеж буюу Коосэний сургууль Монгол Улсад гурав бий. ШУТИС-ийн харъяа Технологийн дээд сургууль, Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн технологийн коллеж, Техник, технологийн дээд сургуулийн Монгол Коосэн сургуулиудыг 2014 онд байгуулсан. Өнгөрсөн зургадугаар сард дээрх гурван сургуулийн анхны төгсөгчид болох 142 оюутан төгсөн” гэлээ.

Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн монгол дахь тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа: МИНИЙ АМЬДРАЛЫН ГАРАА “КООСЭН”-ЭЭС ЭХЭЛСЭН

Монгол залуус Японы коосэн системийн сургалтад 1990-ээд оноос хамрагдаж эхэлсэн байдаг. Зах зээлийн эдийн засаг руу шилжих болсноор хоёр орны харилцаа идэвхжиж инженерийн чиглэлийн мэргэжилтэнг Японы “Коосэн” сургуулиудад илгээх болсон. Тэр үед Япон улс ихэвчлэн Азийн хөгжиж байгаа орнуудаас тэтгэлэгтэйгээр оюутан сургадаг байсан.

Энэ хүрээнд Монголоос ч бас оюутан сургаж байснаас хамгийн анх тэнцэж явсан оюутан нь би. Ингээд Токиогийн технологийн коллеж буюу “коосэн”-д электроникийн чиглэлээр суралцсан. Сургуулиа төгсөөд дэвшин суралцаж, япондоо бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалсан. Миний амьдралын гараа “Коосэн”-ээс эхэлсэн гэж болно. Монголд бэлтгэгдсэн мэргэжлийн инженерүүд Японд биш эх орондоо сурсан мэдсэнээ хэрэгжүүлж, улсынхаа хөгжлийн төлөө ажлаасай гэж хүсдэг. “Коосэн” боловсролын системийн үндсэн зорилго нь ч энэ юм.

Боловсролын сайд асан Л.Гантөмөр: ЯПОНООС ХУУЛАХ ЗҮЙЛ ИХ БИЙ

Боловсролын салбарынхан салбараа өөд нь татахын тулд бид хоёргүй сэтгэлээр чадлаараа зүтгэсэн. Энэ явцад хамгийн их тус болдог гарын ном гэж хэлж болохуйц зүйл нь Японы боловсрол юм.  Японоос хуулах зүйл их бий. Ялангуяа Япончуудын инженер бэлтгэх тогтолцоо, арга зүйгээс бид  суралцсан. Ерөнхий боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд амьдрах ухааны сургалтад Японы  шинэ арга зүйгээс авсан.

Нэг ёсондоо Японы хамгийн сүүлийн үеийн суралцахуйгээс бид хуулсан, дуурайсан. Аливааг цээжлэх нь иргэний боловсрол биш юмаа гэдгийг  Япон болон Финландын аргаас олж харсан. Иргэний боловсрол гэдэг бол өөрийн бодолтой болохыг хэлдэг юм байна гэдэг ийм үндсэн философи дээр суурилсан тэр аргачлалуудыг бид авсан. Боловсролын хөтөлбөр гэдэг бол мэдлэг, чадвар. Гэхдээ үүнтэй хамт хамгийн чухал нь хүн байх. Хүн болохын тулд 12 жил сурч магадгүй Их сургуульд сурах гээд нийт 20 жилийг зарцуулахад боловсролын салбар хүн болгоход нь яаж ажиллах вэ гэдэг тал дээр бид Японы боловсролын салбарын бүх сайн зүйлийг нь дуурайсан. Япон эрдэмтэд нэг зүйлийг гайхдаг. “Монгол багш нар долоо хоног надаар хичээл заалгаад долоо хоногийн дараа надад зааж эхлэх юм” гэж хэлдэг.  Монгол хүн гэдэг бол ийм л авъяас, чадвартай хүмүүс.

Сонирхуулахад, Япон улс 1961 онд “Коосэн” боловсролын тогтолцоог бий болгосон. Одоо 51 сургууль тус улсад үйл ажиллагаа явуулж байна.