Албан бус салбарын ажилтнуудыг зохион байгуулалтад оруулах олон улсын сургалт өндөрлөлөө
Албан бус салбарын ажилтнуудыг зохион байгуулалтад оруулах олон улсын сургалт өндөрлөлөө. 8 сарын 27-30-ны өдрүүдэд МҮЭ-ийн холбоо, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-тай хамтран зохион байгуулсан “Албан бус эдийн засагт ажиллагчдыг зохион байгуулах болон хамтын хэлэлцээр” сэдвээр зохион байгуулагдсан юм.
Сургалтад Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, Дорноговь, Сэлэнгэ аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбоо, Жижиг дунд худалдаа үйлчилгээ аялал жуучлал, албан бус хэвшлийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Хүнс хөдөө аж ахуй, Байгаль орчны ажилтны ҮЭ-ийн холбоо, Нэгдмэл ҮЭ-ийн холбоо, Барилгачдын ҮЭ-ийн холбоо, Тээвэр холбоо Газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо, Үйлдвэрлэл ҮЭ-ийн холбооны албан бус салбарын ажилчдын төлөөлөл болсон 50 гаруй хүн оролцсон юм.
Уг сургалтын зорилго нь Албан бус салбар дахь ҮЭ-ийн гишүүд, ажиллагчдын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эвлэлдэн нэгдэх эрхийг дэмжих чиглэлээр МҮЭ-ийн холбоо, түүний гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх, багш арга зүйчид, зохион байгуулагчдын сургалт зохион байгуулах арга зүй, чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэж байснаараа илүү онцлогтой байв.
Албан бус салбарын ажилтнуудыг зохион байгуулалтад оруулах хамтын хэлэлцээ хийх чадавхыг нэмэгдүүлэх тухай ОУХБ-ын Ази, номхон далайн бүсийн товчооны ажилчдын сургалт хариуцсан бүсийн мэргэжилтэн Ан Пон Сул, Балбын ҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Рамеш Вадал, Олон улсын Гэрийн үйлчилгээний ажилтнуудын ҮЭ-ийн холбооны Ази хариуцсан бүсийн зохицуулагч Фиш Ир нар арга туршлагаа хуваалцаж мэдээлэл солилцов.
Дөрвөн өдрийн турш үргэлжилсэн тус сургалтаар Албан бус салбар гэж юу вэ, албан бус салбарт тулгамдаж буй асуудлууд, албан бус салбарын ажилтнуудыг зохион байгуулалтад оруулах аргачлал, ҮЭ-д зохион байгуулалтад оруулахад хууль, эрх зүйн ямар саад тотгор байна, төрөөс албан бус салбарын ажилтнуудад олгож буй боломж, албан бус салбарын ажилтнуудын хамтын хэлэлцээр сайн жишээг танилцуулж оролцогчид хэсгээр ажиллаж цаашид хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж төлөвлөгөөнийхөө дагуу өөрийн орон нутагтаа хэрэгжүүлж тайлан мэдээллээ ирүүлэх тухай ярилцаж байсан юм.
Тус сургалтын хаалтын үйл ажиллагааны үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ОУХБ-ын Ази, номхон далайн бүсийн товчооны ажилчдын сургалт хариуцсан бүсийн мэргэжилтэн Ан Пон Сул нар үг хэлж сургалтад оролцогчдын цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Ж.Саранцэцэг, Хүнс хөдөө аж ахуй, Байгаль орчны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга О.Гантуяа нар сургалтын үр өгөөж ач холбогдлын талаар сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.