Х.Баттулга нууц гэх гэрээний талаар мэдээлэл хийлээ
2012.03.27

Х.Баттулга нууц гэх гэрээний талаар мэдээлэл хийлээ

Сүүлийн үед УИХ-ын гишүүн Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа Солонгос, Хятадуудтай төмөр зам байгуулах асуудлаар нууц гэрээ хийсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ мэдээллийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж олон нийтэд мэдээлсэн. Мөн энэ сарын 23-ны өдөр ЗТБХБ-ын дэд сайд Т.Пүрэвдорж, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Бямбажав, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Д.Наранпүрэв, Зам, тээврийн бодлогын газрын орлогч дарга Н.Нямдаваа нар Х.Баттулга хэд хэдэн нууц гэрээ байгуулсан талаар мэдээлэл хийсэн. 

УИХ-ын гишүүн Х.Баттулга нууц гэрээ байгуулсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан албан ёсны байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Түүнтэй хамт ЗТБХБ-ын дэд сайд асан А.Гансүх, төмөр замын хууль эрх зүйн гэрээ, техник эдийн засгийн үндэслэл, Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах ажилд 2007 оноос хойш Х.Баттулгатай хамтарч ажиллаж байгаа, түүний орон тооны бус зөвлөх н.Ганбат нар мэдээлэл хийсэн юм.

-Таныг Солонгос, Хятадуудтай төмөр зам барих талаар нууц гэрээ байгуулсан гэх мэдээлэл цацагдаж байна. Чухам ямар гэрээ юм бэ?


-Тэмээ гэхээр ямаа гээд байна. За ямаа нь нууц гээд байгаа гэрээ. Ч.Хүрэлбаатар нь “Би нүдээрээ харсан, ёстой аймаар юм байна лээ” гээд, Ц.Нямдорж сайд нь тагнуул царайлаад юм барьчихсан мэт зүйл яриад байна. Манай яамны дэд сайд Т.Пүрэвдорж ажилчдынхаа хамт орж ирээд үзээгүй хараагүй гэж нотлоод байгаа. Тэд үзэж хараагүй ээ. Тэр ажилд нь оролцдог ч хүмүүс биш. Хуурамч гээд байгаа гэрээний тухайд ярья л даа. “Монголын төмөр зам” компани Хятад, Солонгосын компаниудтай байгуулсан гэрээ. Энэ гэрээн дээр “өмчлөлийн нууц” байна гээд бичсэн байгаа. Тэгэхээр энэ гэрээ гурав дахь хүнд очихгүй гэдэг санаа. Үүнээс өмнө “Монголын төмөр зам” компани ямар компани вэ гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ компани 2008 онд байгуулагдсан. Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш, Сангийн сайд Ч.Улаан, Ерөнхий сайд С.Баяр нарын үед Монголын төмөр зам төрийн өмчит компани байгуулагдсан гэсэн үг. 100 хувь төрийн өмчит учраас ЗТБХБЯ-нд ямар ч хамаагүй. ТУЗ-д нь ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Бат-Эрдэнэ гэж хүн байсан. Миний гарын үсэгтэй гэрээ гээд байгаа. Миний гарын үсэг мөн. Гэрээний доор “танилцсан” гэж бий. /гэрээг харуулав/ ЗТБХБЯ-ны өмнөөс танилцсан Х.Баттулга. 1100 км урттай төмөр замд хөрөнгө оруулах гэж байгаа бол салбар яамных нь сайд нь танилцах эрхтэй. Энэ гэрээ Монголын төмөр зам болон бусад хамтарсан компаниудад хадгалаад байж байгаа. Нууцлалын зэрэг гэдэг нь өмчлөлийн нууц гэдгийг дахиад хэлье.

-Төмөр зам барих асуудал Засгийн газрын хуралдаанаар ордог. Гэтэл Хэрэг эрхлэх газрын дарга нь “анх удаа ийм гэрээ харж байна” гэх утгатай юм яриад байна л даа?


-Засгийн газрын 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 23 дугаар тэмдэглэлд “хэлэлцээ хийх эрх олгох тухай” ЗТБХБ-ын салбар нэгжүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төслийн санхүүжилтын талаарх саналыг хэлэлцээд уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлж, гэрээ байгуулах, сонирхсон хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийхийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад зөвшөөрөв. Хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээг Засгийн газарт танилцуулан асуудлыг шийдвэрлүүлж байхыг даалгав” гэж байна. Засгийн газраас “Та нарын төслийг батлаад өглөө. Төмөр замаа тавиарай, барилгаа бариарай” гээд үүрэг өгсөн байгаа юм. Гэтэл нүд нь орой дээрээ гарчихаад “Би анх удаа харж байна” гээд байдаг. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд авто зам, төмөр зам барих бэлтгэл ажлын талаар Засгийн газарт хэд хэдэн удаа танилцуулсан талаар баримт нотолгоо хангалттай бий. Энэ мэт зүйлийг сайн үзүүлэхгүй бол бүгдээрээ “Мэдэхгүй” гээд нууцаар гэрээ байгуулаад, төмөр зам барих гэж байсан мэтээр яриад байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэмдэглэлүүдэд дараастай байгаа. Энэ бүх материал Legalinfo.mn сайтад бүгд бий. Үүнийг ярихаар дахиад нууц материал дэлгэж тавилаа гэж магадгүй учраас зориуд хэлж байгаа юм. Бас нэг зүйл бий. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн БНСУ-д хийсэн айлчлалын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарсан. Г.Занданшатар, Тамгын газрын дарга Ц.Шаравдорж нар төлөвлөгөөг нь батлаад “Солонгостой төмөр замын салбарыг бүх хэлбэрээр хөгжүүлж, хамтран ажиллана. 2010 оноос эхэлнэ, хариуцах байгууллага ЗТБХБЯ” гээд их хурлын дарга үүрэг өгсөн байгаа юм. Ийм зарчмаар явдаг. Түүнээс Ц.Нямдоржийн яриад байгаа шиг зүйлд огт байхгүй.

Тэрбээр дээрх гэрээний асуудлаар тодорхой баримт дэлгэж ярьсан. Түүний гаргасан баримтын талаар үргэлжлүүлэн хүргэх болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.