“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-тэй холбоотой хоёр журам баталлаа
2019.07.05

“Түрээсийн орон сууц хөтөлбөр”-тэй холбоотой хоёр журам баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар нийт 13 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Хурлын эхэнд “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-тэй холбоотой хоёр журам, нэг тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн.

Тодруулбал, Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн журам батлах тухай асуудлыг хурлын эхэнд хэлэлцсэн юм. Журмын танилцуулгыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ын захирал Б.Сүхбаатар хийлээ.  Эл журамд нийслэлийн түрээсийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслүүлээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулах талаар дэлгэрэнгүй тусгажээ.

Ингэхдээ Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан байгуулж түүгээр иргэн, хуулийн этгээдийн зүгээс орон сууц худалдан авах, түрээслэх хүсэлтээ илгээн захиалах бүрэн боломжтой байхаар тусгасан байна. Нөгөөтэйгүүр орон сууцаа худалдах, түрээслэх төсөл хэрэгжүүлэгч, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд мэдээллээ байршуулах боломжтой юм.

Ийнхүү хоёр талын мэдээллийг Орон сууцны мэдээллийн сангаар дамжуулан бүртгэлжүүлж, цахим хэлбэрт шилжүүлснээр нийслэлийн есөн дүүрэгт төвлөрөөд байгаа түрээсийн орон сууцанд хамрагдахтай холбоотой өргөдлүүдийг нэгдсэн системд бүртгэх боломж бүрдэх юм. Нөгөөтэйгүүр иргэдийн цаг зав, зардлыг хэмнэх, иргэдийг түргэн шуурхай, бодит мэдээллээр хангах давуу талтай болохыг танилцуулгын үеэр дурдсан. Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд иргэн, хуулийн этгээдийн зүгээс www.nosk.gov.mn цахим хуудас болон гар утасны NOSK апплекейшнээр хандан, мэдээлэл түгээх, хүлээн авах боломж бүрдэж буй юм.

Эл асуудалтай холбоотойгоор Тэргүүлэгч Ш.Үнэнбат, Г.Төмөрбаатар нарын зүгээс мэдээллийн сангийн нууцлалын тал дээр анхаарч ажиллахыг хэлсэн. Тусгай эрхээр нэвтэрч мэдээлэл байршуулах үүрэгтэй албан тушаалтнууд худал мэдээлэл байршуулах болон бусад хэлбэрээр хариуцлага алдах юм бол хариуцлагын тогтолцоог хэрхэн тусгаж байгаа талаар лавласан. Нөгөөтэйгүүр хяналтын системээ сайжруулахгүй бол бизнесийн байгууллагууд өөр байдлаар ашиглах асуудал гарах эрсдэлийг тооцох хэрэгтэй гэсэн. Түүнчлэн сонгон шалгаруулах ажлыг цахим хэлбэрээр явуулах боломжтой эсэхийг лавласан.

Тус журамд сонгон шалгаруулах комисс байгуулахаар тусгасан юм. Тэгвэл уг асуудалд "Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Цахим хэлбэрээр сонгон шалгаруулах тал дээр заавал комисс байгуулах шаардлагатай. Цахим хэлбэрээр шалгаруулах юм бол хакердуулах зэрэг эрсдэл гарах магадлалтай гэж үзсэн учраас комисс байгуулахаар тусгасан” гэлээ. Харин тусгай эрхээр нэвтэрч, иргэдийн мэдээллийг байршуулах үүрэг бүхий төрийн албан хаагч худал мэдээлэл байршуулах зэргээр хариуцлага алдсан тохиолдол хуулийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан гэлээ. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаарай.  Илүү цахимжсан, ухаалаг, ажил хөнгөвчилсөн, шуурхай, ил тод ажиллах чухал байгаа учраас ач холбогдолтой журам. Нөгөөтэйгүүр иргэдийн хамгийн их хүлээлттэй байгаа түрээсийн орон сууцны асуудалтай холбогдож байгаа учраас хариуцлагатай ажиллах хэрэгтэй” гэлээ. Ийнхүү уг журмыг хэлэлцэж баталлаа.