Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо
2019.06.20

Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо

Онцгой байдлын байгуулллагын түүхт 15 жилийн ойн баярын арга хэмжээ Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж байна.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, нарын үндэт зочид болон Онцгой байдлын байгууллагын үе, үеийн удирдлага, алба хаагчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, хэлсэн үгэндээ,

“Эх орон, ард түмэн, хамтран зүтгэгчийнхээ төлөө алтан амиа өгч чаддаг, өөрийн нэр хүнд, сахилга бат, тэсвэр хатуужил, ажил үйлсээрээ бусдад үлгэр дууриал үзүүлж байдаг Онцгой байдлын алба хаагчдаараа Монголын төр засаг, ард түмэн бахархаж байдаг. Та бүхэн өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байж, гамшиг, ослоос эх орон, ард түмнээ хамгаалахын төлөө өөрийн амь нас, эрүүл мэндээ үл хайрлан зүтгэж байдаг, ард түмнийхээ дунд “Энэ цагийн эгэл баатрууд” хэмээн өргөмжлөгдсөн Монгол төрийн сүлд хийморь, ард түмний авралын эзэд юм. Түүхийн 15 жилийн хугацаанд байгууллагын удирдлагын тогтолцоо, хууль эрх зүйн орчин бүрэлдэж, бие бүрэлдэхүүний ур чадвар дээшилж, техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүчин чадал нэмэгдэн улс орныхоо төдийгүй дэлхийн жишигт хүрсэн алба болон хөгжиж байна” гэлээ.

Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин

“Хүний амьдралтай харьцуулахад 15 жил богино хугацаа хэдий ч та бид хамтран Онцгой байдлын байгууллагыг бэхжүүлэх, чадавхжуулах талаар олон чухал арга хэмжээг хэрэгжүүлсний үрээр бид иргэдээ авран хамгаалах, аюулгүй, амар тайван амьдруулах төрийн эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирснийг онцлон дурдахад таатай байна. Өнөөдөр төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, найдвартай хүргэж байгаа, нэр хүндтэй, итгэл хүлээсэн байгууллагуудыг Онцгой байдлын байгууллага ямагт хошуучлан ажиллаж байгааг энэхүү баярын өдөр онцлон тэмдэглэж хэлье.Цаашид гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх болон мэдээллийн өгөгдлийн сан ашиглалтыг хөгжүүлэх, эрсдэлийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх, гамшгийг тэсвэрлэх, эрсдэл даах чадвартай төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, гамшгийг даван туулах, сэргээн босгох чадвартай, тогтвортой иргэний нийгмийг бий болгоход онцгой анхаарч ажиллах болно.Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, чадавх жил ирэх тусам бэхжиж, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж дээшилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.

Ойн баярын арга хэмжээнийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 117 дугаар зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнасныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулж байсан түүхтэй юм.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг ийнхүү Монгол Улсын төр засгаас үнэллээ.

Түүхийн 15 жилийн хугацаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 17012 эрдэнэт хүний амь нас, 310.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.