Н.Цэрэнбат: Шөнийн тарифын хөнгөлөлтөд зарцуулах төсвийг бууруулна
Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Засгийн газар утааны асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийсэн билээ. Тэгвэл энэхүү хуралдаанаар юу ярьсан, утааг багасгахад чиглэсэн ямар ажил хийж байгаа талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай ярилцлаа.
-Утааг бууруулахад чиглэсэн ямар ажлыг Засгийн газраас хийж, хэрэгжүүлж байна вэ?
-Шийдэл нь юу байна вэ гэдгийг эхлээд яръя. 2003 онд Чингэлтэй дүүргийн шүүхээс Улаанбаатар хотод шилжиж ирэхэд ямар ч шалгуур, шаардлагагүй байх шийдвэрийг гаргасан. Уг нь нийслэлд шилжиж ирэхэд том хүнээс 50, хүүхдээс 25 мянган төгрөг авахаар шийдвэр гарч байсан юм. Гэтэл Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхийг зөрчсөн гэж үзээд, шүүхэд хандсан. Ингээд л Чингэлтэй дүүргийн шүүх шийдвэрээ гаргаж, Улаанбаатар руу чиглэсэн их нүүдлийг нээж өгсөн юм. Үүнээс болж гэр хорооллын замбараагүй төлөвлөлт эхэлж, өнөөдрийн утааны гамшиг бий болсон гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Хүний эрхийн үндэсний комиссынхон хотод зохион байгуулалттай, эмх цэгтэй амьдрах ёстой, энэ бол хүний эрх гэж хандсан. Одоо хүмүүс хордоод, эрх нь зөрчигдөөд байхад Хүний эрхийн үндэсний комиссынхон хаана байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд тэд хаана байсан юм. Хоёрдугаар, Улаанбаатар хотод бид хүний тоотой нь дүйцүүлж төсөв тавьж өгөөгүй. Энэ бодит хүндрэл. Иргэн болгон л утааны үйлдвэрлэгч, бас хохирогч нь. Тиймээс хүн бүр утааг бууруулахад чиглэсэн ажил хиймээр байна. Ядаж л дулааны алдагдлаа бууруулах ёстой. БОАЖЯ-д шилжиж ирсэн Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо хөтөлбөрийн дагуу хийж буй олон ажлуудаа үе шаттай хэрэгжүүлээд явж байна. Яам болгон тусдаа төсөвтөө тодорхой мөнгө суулгаад, чиг үүргийнхээ дагуу ажил хийж байгаа. Яагаад үр дүнд хүрэхгүй байна вэ гэвэл бид хэтэрхий бага зайд хэт олуулаа амьдарч байна. Мөн эрх чөлөөтэй л байх ёстой гээд сахилга бат, үүрэг хариуцлагаа умартаад, өөрсдөө л хотоо муухай болгосон. Бидний л муухай болгосон хот энэ. “Цэвэр агаар” сан гэж байгуулсныг мөнгө шамшигдуулсан гээд татан буулгасан. Зөв бодлого барьж ажиллаж байсан мөртлөө хэдхэн албан тушаалтнаас болоод болиулчихсан. 2016, 2017, 2018 онд агаарын бохирдолтой тэмцэхэд зориулж бага хэмжээний төсөв баталсан. Тэр мөнгө нь гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбоотой зардалд зарцуулагдаад дуусаж байгаа. 500 мянган хүнтэй байхаар төлөвлөгдсөн Улаанбаатар хотын дэд бүтэц 1.3 саяд хүрэхгүй байгаа нь бодит үнэн. Хоёр жил тасралтгүй ажилласны хүчинд Эрчим хүчний яам өнгөрсөн жил 45, энэ жил 68 нам даралтын уурын зуухыг буулгаж, төвийн системд холбосон. Тэр хэрээр түүхий нүүрс түлж, агаар бохирдуулдаг байсныг болиулсан. Дээрээс нь эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, 41 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчний тогтвортой сүлжээнд холбосон. Гэхдээ энэ 41 мянган айл шууд цахилгаан халаагуур хэрэглэх боломжтой гэсэн үг биш. Гол хүндрэл нь энэ. Үүнийг ард иргэд ойлгох хэрэгтэй. Нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулалт хийж, төр захиргааны 10 гаруй байгууллагыг цахилгаан халаагуурт шилжүүлсэн. Гэх мэт олон ажлыг бид хийсэн. Одоо ард иргэд дулаан алдагдлаа бууруулах шаардлагатай байна. 220 мянган айл өрх утаа “үйлдвэрлэж” байна. Үүний 120 мянга нь гэрт амьдарч байгаа. Үлдсэн нь амины орон сууцтай. Гэтэл амины орон сууц нь стандартын шаардлага хангадаггүй учраас дулаан алдагдал ихтэй, илүү их нүүрс түлдэг. Төр засгаас утааны асуудлаар эрс шийдэмгий арга хэмжээ аваач ээ гээд байгаа. Тэгэхийн тулд хот татвартай болох ёстой. Тэр мөнгөөрөө дэд бүтцэдээ хөрөнгө оруулалт оруулаад явах ёстой гэдгийг бүгдээрээ ойлго.
-Утааг бууруулах чиглэлээр судалгаа хийж, бүтээгдэхүүн гаргаж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүд байна. Тэдэнтэй хамтарч ажиллах боломжгүй юм уу. Үнэхээр сайн шийдэл байвал төр ашиглах боломжтой биз дээ?
-Олон компани орчны бохирдлыг бууруулах бүтээгдэхүүн нийлүүлж, мөнгө авах гээд байгаа. Одоо шууд төрөөс мөнгө өгөхгүй. Бид Банкуудын холбоотой ярилцаж байна. Удахгүй Банкуудын холбоотой тохиролцоод, ерөнхий зээлийн гэрээ батлагдана. Тэгэхээр тухайн банкуудаар дамжуулж аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг авъя гэсэн иргэдэд өгнө. Өөрөөр хэлбэл, энэ компанийн цахилгаан халаагуур илүү үр дүнтэй юм байна гээд иргэд сонголтоо хийвэл мөнгө өгнө гэсэн үг. Түүнээс биш аж ахуйн нэгжүүдийн хүсээд байгаа шиг “Ийм боломж байхад төр мөнгө өгөхгүй, манай бүтээгдэхүүнийг авахгүй байна” гэдэг маягаар цаашдаа явахгүй. Банк нь шаардлагаа тавина, ард иргэд сонголтоо хийнэ, төр мөнгөө өгнө. Урьдчилсан байдлаар “Монгол гэр-1, 2, 3” гэсэн багц гаргах гэж байна. Цахилгаан халаагуур авах иргэдэд бид хөнгөлөлттэй зээл олгоно. Мөн дулааны алдагдлаа бууруулахад чиглэсэн ажил хийх иргэдэд зээл өгнө. Зээлийн хүү ямар байхыг ярилцаж байгаа. Удахгүй Банкуудын холбоотой тохирчих байх. Дээрээс нь аль бүтээгдэхүүн чанартай вэ гэдгийг хэрэглэгч сонгоно. Гэхдээ иргэдийн хүсээд байгаа шиг аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг төр авчихаад, үнэгүй тараах юм биш. Иргэд өөрсдөө бага хүүтэй зээлээр авна.
-“Монгол гэр” багц гэдэг нь ямар учиртай хөтөлбөр юм бол. Энэ талаар дэлгэрүүлж мэдээлэл өгөөч?
-Орлогоосоо хамаараад 3-120 сая хүртэлх төгрөгийн зээлийн багц гаргаж байгаа юм. Хамгийн багадаа гурван сая төгрөг. Энэ мөнгөөр дулааны алдагдлаа бууруулах боломжтой. Харин 120 сая хүртэлх төгрөгийн зээлээр амины орон сууц барих боломжийг бүрдүүлж өгнө. Хүүгийн зөрүү дээр нь татаасыг нь шийдье. Санхүүжилтийг нь банкууд хийнэ.
-Цахилгааны төлбөр нь хэт өндөр гардаг болохоор цахилгаан халаагуур хэрэглэхгүй байгаа юм биш үү?
-Цахилгааны үнэ хэт өндөр гарч байгаа гэдгийг хэн хэлээд байна. Мэргэжлийн хүний л үгийг сонс л доо. Шүд өвдөхөөр бид шүдний эмчид очдог биз дээ. Түүнээс биш мэдрэлийн эмч дээр очдоггүй. Утааны асуудал ярихаар л яг үүнтэй адил огт өөр мэргэжлийн хүний үгийг сонсоод, тэрэндээ итгээд байдаг. Мэргэжлийн хүмүүсийн үгийг л сонсъё. Бид утаатай тэмцэхийн тулд орон сууцжуулж, дэд бүтцээ шийдэж байгаа. Энэ урт хугацааны шийдэл. Харин богино хугацаанд утаа гаргадаг янданг цөөрүүлж, цахилгаан халаагуур хэрэглэхээс өөр сонголт алга. Тийм болохоор эрчим хүчний тогтвортой системд холбогдсон 41 мянган айл өрхөө цахилгаан халаагуур хэрэглүүлье. Түүнээс биш тогтвортой сүлжээнд холбогдоогүй айлуудыг цахилгаан халаагуур хэрэглэ гэж хэлж чадахгүй. Бид утаанаас салахын тулд цахилгаан халаагуур ашиглаад, эрчим хүчний үнээ зохицуулаад явахаас өөр сонголт алга. Мөн сайжруулсан түлшний үйлдвэрлэлд анхаарал хандуулах ёстой. Үр дүнтэй байвал цаашид хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлээ нэмээд явах боломжтой.
-Утааг бууруулахад зориулж 80 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн. Мөн сайжруулсан түлшний үйлдвэрлэлд Солонгосын компани оролцож байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Төсөв нь хасагдаад 75 тэрбум төгрөг төсөвлөсөн. “Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэх түлшний орц найрлагыг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл нь баталчихсан. Яагаад гэвэл маргаан гаргахгүй байх үүднээс. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай Солонгос, Хятад, Польшийн компаниуд ажиллаж байгаа. Түүнээс биш төрөөс санхүүжилт аваад гадны компани ажиллаж байгаа юм байхгүй. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо 75 тэрбумаа дараагийн хурлаараа эцэслэж батална. Манай ард иргэд шөнийн тарифын хөнгөлөлтийг буруу ойлгож, бүр тэглэх ёстой гээд байдаг. Тийм юм байхгүй. Засгийн газар боломждоо тулгуурлаж, төсөв гаргаж, хөнгөлөлт үзүүлж байгаа. ЭХЯ-ныхан хасагдаагүй байх үеийн төсөвт 20 тэрбум төгрөг авч, шөнийн тарифын хөнгөлөлтөд зарцуулж байсан. Энэ мөнгө багасна.
-Улаанбаатар хот дэлхийн хамгийн аюултай хот боллоо гэсэн мэдээлэл байна. Мөн утаанаас болж жилдээ 400 хүүхэд амиа алдаж байна гэсэн цочирдом тоон мэдээлэл ч бий. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Өнгөрсөн долоо хоногийн “экономис” сэтгүүлд Энэтхэгийн 4, 5 хот хамгийн их бохирдолтой гэж гарсан байсан. Манай хот аюултай юу гэвэл үнэн. Нөгөө талаар Монголд агаарын бохирдолтой тэмцэх гэсэн гадны олон байгууллага төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үнэхээр сэтгэл гарган ажиллаж байгаа нь ч бий. Бас Улаанбаатар аюултай боллоо гэж зарлаж, өөрсдийнхөө зардал мөнгөө нэмэгдүүлэх гэсэн Олон улсын байгууллага ч бий гэдгийг эрүүл нүдээр харах ёстой.