Харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо
2018.05.01

Харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцлоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Ирланд Улсын Парламентын доод танхимын дарга Шон ОпФарелдад бараалхлаа.  

Уулзалтын эхэнд талууд хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын талаар харилцан мэдээлэл солилцож, хүнс, хөдөө аж ахуйн салбарын нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах, Монголын хөдөө аж ахуйн түүхий эдийн нөөц, Ирландын техник, технологийн ололт, арга туршлага, хөрөнгө, санхүүгийн боломжийг хослуулан харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Ирланд Улсын Хөдөө аж ахуй, хүнс, тэнгисийн асуудал эрхэлсэн яам болон Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хооронд хамтран ажиллах санамж бичиг ойрын хугацаанд байгуулан, хамтын ажиллагааны механизм бий болгох шаардлагатай гэж талууд үзлээ. Ирланд Улсын Парламентын доод танхимын дарга Шон ОпФарел тус улсын хөдөө аж ахуйн нарийвчилсан судалгааны байгууллагууд туршлага солилцох зорилгоор Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах бүрэн боломжой талаар онцолсон юм.

Мөн мал эмнэлгийн үйлчилгээний салбарт туршлага солилцох, мөн хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, чихрийн манжингийн үйлдвэрлэлийн технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар хэлэлцсэн юм. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнийг экспортлох туршлага солилцох, Монголын мэргэжилтэн, боловсон хүчинг тус улсад туршлага судлуулах, мэдлэг дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг судлахаар боллоо.