Х.Амгаланбаатар: ЭМД сан төсвийн цоорхой нөхөх хөрөнгө биш
2017.11.13

Х.Амгаланбаатар: ЭМД сан төсвийн цоорхой нөхөх хөрөнгө биш

“Эрүүл мэндийн даатгалын санг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага руу нь шилжүүлж байгаа нь  хууль зөрчиж байна. Эрүүл мэндийн сан хоёр яамны булаацалддаг хөрөнгө биш. Мөн төсвийн цоорхой нөхдөг хөрөнгө биш” хэмээн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Х.Амгаланбаатар Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны бие даасан байдлыг хангах тухай асуудлаар өнөөдөр /2017.11.13/ хэвлэлийн бага хурал хийхдээ мэдээллээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн “Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага нь дур мэдэн даатгалын сангаас ажил, үйлчилгээгээ явуулаад байвал сангийн хөрөнгө эрсдэлд орно. Тиймээс эрүүл мэндийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах нь чухал. Өнгөрсөн онд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулсан. Үүнд даатгуулагчийн, ажил олгогчийн, Засгийн газрын гэсэн тодорхой тооны төлөөлөлтэй үндэсний зөвлөлийг байгуулсан боловч  нэг ч удаа хуралдаагүй. Гэтэл үндэсний зөвлөл нэг ч удаа хуралдаагүй байхад энэ шийдвэрүүдийг гаргаж болохгүй. Тиймээс Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо даатгуулагчийн эрх ашгийг шууд төлөөлөн хамгаалах үүрэгтэй учраас энэ асуудлыг онцгой анхаарч, үндсэн үүргээ биелүүлэх болно” гэдгээ мэдэгдэв.

Эрүүл мэндийн даатгалын сан нь нийгмийн даатгалын таван сан дотроо хамгийн үр өгөөжтэй, үлдэгдэл ихтэй сан. Тус санд одоогоор 600 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэртэй байгаа гэдгийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ.

Мөн Х.Амгаланбаатар 'Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн хүрээнд энэ асуудлыг ярилцсан. Энэ хэлэлцээрт 'Эрүүл мэндийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангана” гэж тусгасан. Бидний зүгээс эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг хуралдуулж, нухацтай ярилцаарай. Энэ бол даатгуулагчийн хөрөнгө шүү” гэдгийг хурлын явцад шаардлагыг тавьсан. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг хуралдуулаагүй. Энэ сангийн хөрөнгө бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны хоорондын булаацалддаг хөрөнгө биш. Төсвийн цоорхойг нөхдөг ч хөрөнгө биш' гэдгийг хэлмээр байна гэв. 

А.СҮРЭН