Б.Энхболд:

Засгийн газар ТНБД, агентлагийн даргыг сонгон шалгаруулдаг байх нь үндсээрээ буруу


12 минут уншина
Б.Энхболд: Засгийн газар ТНБД, агентлагийн даргыг сонгон шалгаруулдаг байх нь үндсээрээ буруу
Судлаач Б.Энхболд

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүд, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж, хэлэлцүүлгийн шатанд яваа энэ цаг мөчид судлаач Б.Энхболдтой ярилцлаа. 

Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх, өөрчлөх асуудал яригдаж байна? Түүнтэй холбоотой таны байр суурийг сонсоё?

Анхны Үндсэн хуулийг 1924 онд баталснаас хойш Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлт хийх зорилгоор 1940, 1960 онуудад Үндсэн хуулийг шинэчлэн баталж байв. Харин 1990 оны эхэнд улс төр, нийгмийн өөрчлөлт гарч, түүнийгээ дагаад 1992 онд одоогийн шинэ Үндсэн хуулийг баталсан.

Үүнээс өмнө нам төвтэй төрийн тогтолцоо үйлчилж байсан бол  1992 оны Үндсэн хуульд нам, төр хоёрыг зааглаж, энэ нь үндсэндээ 1994 онд батлагдаж, 1995 оны 6 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд тусгалаа олсон юм.

Ингэснээр нам төвтэй байсан төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөх суурь нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Төрийн албаны тухай хуулийг 2002 онд шинэчлэн найруулж, 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

Эдгээр шинэчлэн, өөрчлөлтийн хүрээнд улс төрийн албан тушаалтнаас бусад төрийн албан хаагчдыг улс төрийн намын харьяалалгүй байлгах, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр халах, чөлөөлөхийг хориглох зэргээр багагүй ахиц дэвшил гарч ирсэн.

Гэвч бодит байдалд төрийн албаны томилгоог улстөржүүлж, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас нь чөлөөлөх, халах эсвэл тухайн албан тушаалтанд тэнцэхгүй хүнийг томилж байна.

Төрийн албаны тухай хуульд төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэж төрийн албан тушаалын ангилал, төрлийг зааж өгсөн байдаг. Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаал гэж заагласан. Ингэхдээ төрийн улс төрийн албан тушаалтан нь сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллахыг хуульчилж өгсөн. Үүнд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, сайд нар зэрэг улс төрийн албан тушаалтан, түүний орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтныг ч энэ ангилалд хамааруулдаг.

Харин төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдыг улс төрийн нам, сонгуулийн үр дүнгээс үл хамааран тогтвортой төрийн алба байна гэж хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны зөвлөл мөн гэж хуульд заасан. Зөвлөл нь хараат бус, бие даасан байгууллага бөгөөд үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнадаг. Уг зөвлөлийг УИХ-ын дэргэд байгуулсан нь учиртай.

УИХ бол ард түмнээс 76 мандаттай хууль тогтоох дээд байгууллага. Ард түмний хамгийн том хүсэл зоригийг илэрхийлдэг, улс төрийн намуудын төлөөллөөс бүрдсэн гэдэг утгаар нь Төрийн албаны төв байгууллагыг УИХ дэргэдээ байлгадаг.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс олон зүйлийг иш татан ярьж болно л доо. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах, ёс зүйг дээшлүүлэх, төрийн албаны сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох зэрэг хэд хэдэн дэвшилтэт гэмээр зохицуулалт байна. Үүнийг шинэчлэл гэж нэрлэж болох байх л даа. Зарим нь одоогийн журмаар зохицуулж байгаа зохицуулалтыг чихэж, үндсэндээ хууль, журам хоёрыг хооронд нь хольж хутгасан байна.

Нэг аюул нь Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулах эрхийг үгүй хийх гэж байна.

Өөрөөр хэлбэл зөвхөн хяналт тавьдаг байхаар хуулийн төсөлд тусгажээ. Угтаа бол Төрийн албаны зөвлөлийг чадавхжуулж, шалгалт авдаг эрх мэдлийг бүрэн дүүрэн өгч, орон тоог нь нэмж, дутагдал, сул талыг нь засах чиглэлийн зохицуулалт оруулах хэрэгтэй.

Хууль санаачлагчид тайлбарлахдаа Төрийн албаны зөвлөлд давуу эрх мэдэл олгож байна, эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэрийг шүүхээр давж заалдахгүйгээр хүчингүй болгох эрхийг Төрийн албаны төв зөвлөлд өгсөн гэж ярьж байна л даа. Гэхдээ хуулийн төслийг сайтар нягталбал Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын гаргасан шийдвэрийг Төрийн албаны төв зөвлөл өөрчилж чадахааргүй байна. Нэг ёсондоо хянах нэрээр зөвлөмж өгдөг байгууллага бол хувирах нь.

Төрийн албаны зөвлөлийн шалгалт авдаг эрхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шилжүүлэхийг оролдож байна. Хэрэв хуулийн төсөл энэ хэвээрээ батлагдвал сонгуулийн үр дүнгээр олонх болсон нам Засгийн газраа бүрдүүлэхээс гадна Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг шууд томилдог болно гэсэн үг.  

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулж, чадамжтай Ерөнхий сайдтай болно гэж байгаа ярьж байна. Энэ бол сайн. Гэтэл чадамжтай Ерөнхий сайдын эрх мэдэл дотор төрийн албан хаагчийг томилдог эрхийг оруулж болохгүй. Ерөнхий сайд бол Засгийн газраа л бүрдүүлэх учиртай.  Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл зохион байгуулдагаараа зохион байгуулах ёстой.

УИХ-ын шууд удирдлаган дор ажилладаг одоогийн зарчим тийм ч муу биш. “Айхгүй ч гэсэн аягүй” гэдэг биз дээ. Харин одоогийн өргөн барьсан хуулийн төслөөр бол хэн намдаа хандив өгөх, намын даргатай хэн ойрхон байгаа нь, фракциудын гар хөл болсон хүмүүсийг ТНБД, агентлагийн даргыг томилох үүд хаалга нээгдэхээр байна шүү дээ.

Уг хуулийн төсөл улс төрийн намуудад ашигтай байж болно. Гэхдээ Монгол Улс Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуультай. Манай улсын хөгжил сонгуулийн дөрвөн жилээр хэмжигдэх биш тогтвортой байдлаар хэмжигдэх ёстой.

Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгах үүднээс ТНБД, агентлагийн дарга нарыг зургаан жилээр томилдог болно гэж байна л даа. Гэхдээ сонгууль дөрвөн жилийн давтамтай байхад ялсан нам өөрийн хүнээ даргаар тавих хүсэлтэй байна. Тухайн албан тушаалд томилогдсон хүн хугацаанаасаа өмнө ажлаа өгөхийн тулд тохиролцохыг хүснэ. Эсвэл шүүхдэнэ. Үүний цаана төрийн алба, энгийн иргэд хохирно.

Зөв зохицуулж чадвал зургаан жил гэдэг зөв санаа. Харин Засгийн газар төрийн албаны сонгон шалгаруулалтыг хариуцдаг болно гэхээр л буруу болно. Сонгон шалгаруулалтыг ЗГХЭГ зохион байгуулна гэхээр түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Удирдлагын академи гардан хариуцна гэсэн үг.  

Удирдлагын академи think-tank байх ёстой.

Төрийн албан хаагчдыг давтан сургах, богино хугацааны эрчимжүүлсэн сургалт явуулж, яаж төрийн албыг сайжруулж, чадавхжуулах вэ, төрийн албаны шинэ онол, арга зүй юу байна гэдгийг судлах хэрэгтэй. Төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ гэдгийн сонгодог жишээг Удирдлагын академи харуулах ёстой. Удирдлагын академийн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүднээс шаардлагатай төсөв хөрөнгийг Засгийн газар шийдэж өгдөг байх хэрэгтэй. Удирдлагын академи маш чадавхтай байгууллага. Олон сайн багш, боловсон хүчинтэй. Гагцхүү тэр нөөц, боломжийг бүрэн дайчлуулж ажиллуулах шаардлага байна.

Одоогийн Төрийн албаны зөвлөл таны бодлоор хэр чадавхтай вэ?

Төрийн албаны зөвлөлийн бүтэц, орон тоог УИХ-аас баталдаг. Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажилладаг бөгөөд дарга, зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй. Тэдгээрийн хоёр нь орон тооны, дөрвөн нь орон тооны бус гишүүн байдаг. Зөвлөлийн орон тооны хоёр гишүүнийг УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-аас тус тус нэр дэвшүүлж, УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог.

Орон тооны бус гишүүн дотор УИХ-ын тамгын газрын ЕНБД, Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга зэрэг томоохон албан тушаалтнууд багтдаг. 21 аймагт салбар зөвлөлтэй.

Аймаг, нийслэл, яамдын салбар зөвлөлтэйгээ хамтарч төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт, төрийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг явуулдаг.

Орон тоо, боловсон хүчнийг нэмэх шаардлагатай. Чадамжийн хувьд бусад байгууллагаас харьцангүй өндөр боловч уг зөвлөлийг хүчгүй байлгах сонирхол улстөрчдөд бий.

Яг яах ёстой гэж?

Төрийн албаны төв зөвлөлөө чадавхжуулах хэрэгтэй. Шинэ зүйл сэдэх гэсний хэрэггүй. 1994 онд анх Төрийн албаны тухай хуулийг батлахдаа Төрийн албаны төв зөвлөлийн үүрэг оролцоо ямар байх талаар нилээдгүй судалсны үндсэн дээр хуульчилсан.

Төрийн албаны зөвлөлийн эрх мэдлийг сайжруулах хэрэгтэй. Хууль бус шийдвэрийг шууд хүчингүй болгодог байх хэрэгтэй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гээд Үндсэн хууль руугаа бүх буруугаа чихэх хандлагатай байна. Угтаа бол ёс зүйн л асуудал шүү дээ.

Хуулиа сахин биелүүлэхгүй юм бол Үндсэн хуулиа өөрчлөөд ямар ч нэмэргүй. Эсвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Төрийн албаны төв зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгочих хэрэгтэй. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг сонгохдоо УИХ, Засгийн газраас санал авдгийг солих хэрэгтэй.

Тэгвэл хэнээс санал авах уу?

Мэргэжлийн байгууллагуудаас санал авч болно. Манайд мэргэжлийн холбоод олон байна. Эдгээр төрийн бус байгууллагынхан төрийн албан хаагчдаас илүү салбараа мэддэг, судалгаа тооцоотой байдаг. Салбартаа ажиллаж байгаа мэргэжилтэн, төр хоёрын хамгийн сайн гүүр нь байж чаддаг. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнд мэргэжлийн холбоодоос оруулах ёстой гэж боддог.

Төрийн албаны зөвлөлийг чадавхжуулж, шалгалт зохион байгуулахад нь зориулж, хүн, хүчний нөөцөөр хангаж өгөх хэрэгтэй. Төрийн албаны сонгон шалгаруулалт харьцангуй сайжирч байна. Хүнээс үл хамаарсан, харьцангуй боловсронгуй хэлбэрээр сонгон шалгаруулалт явуулдаг болоод байгаа шүү дээ.

Хуулийн хэлэлцүүлгийн явцад таны яриад байгаа концепцийн алдааг ажиглаж харсан, шүүмжилсэн, засч залруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай гишүүд хэр олон байна?

Төрийн албаны тухай хууль бол том хууль. Бүх хууль дагаж мөрдөх журамтай, хуулийг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх санкцитай эрх зүйн чухал баримт бичиг. Гэхдээ эдгээр хууль дотроо ямар харилцааг зохицуулж байгаагаасаа шалтгаалан органик хууль гэсэн ойлголт бий.

Үндсэн хууль буюу суурь хууль. Суурь хуулийг дагаж гарсан Сонгуулийн хууль гэх мэт. Энэ өнцгөөс харвал Төрийн албаны тухай хуулийг органик хууль гэж хэлж болно. Нийгмийн харилцааг хувийн хэвшил, төр гэсэн хоёр үндсэн сектор зохицуулж байна. Тэр дотроо 186 мянган хүн төрийн албанд ажиллаж байна. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг оруулбал 205 мянган хүн байна.

ДНБ-д төрийн албан хаагчдын эзэлж буй зардал 60 хувьд хүрлээ. Ингээд бодохоор төрийн алба бол маш том сектор. Энэ том секторыг зохицуулж буй хуулийг шинэчлэхдээ дан ганц МАН-ын гишүүд биш АН-ын гишүүдийг ч бас оруулах ёстой.

Ардчилсан бол цөөнхийн саналыг хүндэтгэнэ, олонхийн саналаар асуудал шийднэ гэсэн зарчимтай. УИХ-ын гишүүн Ж.Батзандан байнгын хорооны хуралдааны үеэр уг хуулийн төслийг шүүмжилсэн. Томилдог эрх бүхий субьект нь Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нараа сонгон шалгаруулдаг байж болох уу гэсэн өнөөдрийн ярьж буй асуудлыг хөндсөн.

Уг хуулийн төсөл энэ хэвээрээ батлагдсан тохиолдолд нийгэмд гарах сөрөг нөлөө нь юу вэ?

Маш энгийнээр хэлэхэд төрийн алба улс төрөөс ангид байна гэдэг зарчим алдагдаж байна. 1990 оноос өмнөх нам төвтэй төрийн албыг эргэн сэргээж буй хууль гэж тодорхойлж болно. Ялагч бүхнийг авдаг гэдэг зарчим руу орохоор байна. 

Засгийн газар Төрийн нарийн бичгийн дарга болон агентлагийн дарга нарыг сонгон шалгаруулах нь үндсээрээ буруу.

Төрийн албаны төв зөвлөлийг зөвхөн хяналт тавьдаг байгууллага болгох нь маш буруу. Энэ хоёр асуудалд маш сайн анхаарах ёстой. Бусдаар бол боломжийн төсөл гэж үзэж байна. Хуулийн үндсэн зарчмаа алдахгүй барих ёстой.

Төрийн алба нь карьер болон мэрит зарчимд суурилсан байхаар тусгажээ. Гэхдээ энэ хоёр зарчмын тэнцвэрийг зөв олох ёстой. Төрд ажиллах сонирхолтой эсвэл дөнгөж ажилд орсон, шинээр шалгалт өгөх сонирхолтой маш олон залуучууд байна. Чадварлаг, шинэ үе гарч ирж байна. Гэтэл энэ хүмүүст ажилласан жил гэсэн шалгуур тавьж байгаа нь буруу.

Тийм шүү. Тэр бол залуучуудын өмнө тулгамддаг хамгийн том асуудал?

Нийслэлийн төр захиргааны байгууллагад мэргэжилтнээр орохын тулд хоёр жил ажилласан байх ёстой гэдэг. Одоо бол ЗГХЭГ-ын гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтын дагуу Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалт хийж байна. Засгийн газрын гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтод хязгаарлалт тавьж өгөх хэрэгтэй. Ингэхгүйгээр томилох эрх бүхий субьект нь мэргэжил, мэргэшсэн байдал зэрэг шалгуур тавиад ирэхээр ТНБД, агентлагийн дарга нараар хүссэн хүнээ томилж байна шүү дээ.

Миний бодлоор хорооны нийгмийн ажилтнаас яамны мэргэжилтэн хүртэл ажилласан жил харгалздаггүй байх ёстой. Ажилд орсон эхний өдрөөс карьерын зарчим үйлчлэх нь зөв. Мэргэжилтнээр хоёр жил ажиллаад ахлах мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр хоёр ажил ажиллаад хэлтсийн дарга болох эрх нь нээгддэг байж болно. Гэтэл шинэчилсэн найруулгын төсөлд залуучууд төрийн албанд ажиллах боломжийг улам хааж байна. Нэг ёсондоо яг одоо төрд ажиллаж байгаа хүмүүст илүү ашигтай зарчим үйлчилж байна.

Төрийн алба хүчгүйдэж байна. Төрийн албыг цомхотгох хэрэгтэй гэдэг. Эрхэлсэн ажлаа сайн гүйцэтгэж яваа энгийн ажилтныг хүртэл төрийн албан хаагч гэдэг нэрийдлээр хавтгайруулан гоочлох нь бий. Энэ хандлага юунаас болов?

Улс төрийн намтай холбоотой шүү дээ. Улс төрийн нам сонгуулийн үр дүнд ялалт байгуулж, баг бүрдүүлэх нэрийдлээр сонгуулийн үеэр ажилласан хүмүүсээ ажилд оруулдаг. Нөгөө талаас төрийн албан хаагчдыг хоморголон халдаг систем сүүлийн 20 гаруй жил үйлчилж байна. Нэг нам яллаа хуулиа өөрчилдөг, хүмүүсээ халж сольдог.

Хичнээн жил энэ системээр явах гээд байгаа юм бэ? Энэ байдлараа Монгол Улс, хууль тогтоомжийн тогтвортой байдал юу болж хувирах вэ? Төрийн албаны тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж шийдсэн юм бол улс орны ирээдүйгээ бодож, төрд ажиллах залуучуудад боломж олгосон, нам гээч системээс холдуулсан хууль баталж болохгүй гэж үү?

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцуулав уу? Ямар зохицуулалт оруулсан байна?

Хүнийг сэлгэн ажиллуулахдаа албан тушаалын зэрэглэлийг бууруулж томилдог байдлыг хаасан, төрийн захиргааны албан хаагч 6 жил тогтвортой ажиллах ёстой гэсэн хэд хэдэн заалт бий. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг ч тусгаж өгсөн. Уг хуулийн төсөл бүхэлдээ зарчмын гажуудал байхгүй гэж үзэж байна.

Таныг төрийн албанд ажиллаж байх үед Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан бэрхшээл бий юу?

Томилох эрх бүхий субьект нь ажлын байрны тодорхойлолтоо баталдаг. Ажилласан жил шаарддаг. Шинээр ажилд орох сонирхолтой залуусын боломж хаагддаг зэрэг асуудал байсан, одоо ч бий.

Таны ярианаас сонсоход, өөрчлөх ёстой зүйлээ өөрчлөхгүй. Харин зохицуулах шаардлагагүй зүйлийг зохицуулах гээд байна гэж ойлгож болох уу?

Тийм ээ. Төрийн алба, улс төр хоёроо хольсон зохицуулалт оруулсан байна. Бүүр цаашилбал Үндсэн хуулийн зөрчилтэй заалт ч байна. Үндсэн хуульд төрийн алба бол улс төрөөс ангид байна гэж заасан.

Одоогийн шинэчилсэн найруулгын төслийг улс төрийн өнцгөөс бодож, боловсруулсан төсөл л гэж дүгнэж байна.

Хууль гэдэг бол улс төр, эрх зүйн хосолмол баримт бичиг гэж хэлж болно. Гэхдээ төр хууль батлахдаа нийтийн эрх ашгийг дээдлэх ёстой. Шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа гэхэд урт настай хууль болно гэж хэлэхэд хэцүү.

Төрийн алба хүчтэй байснаар нийгэм, эдийн засагт үзүүлэх үр өгөөж?

Мэргэшсэн, тогтвортой. Энэ хоёр үгийн цаана эдийн засгийн үр ашиг, чадавх, ажиллах хурд зэрэг маш олон зүйлийг ярьж болно. Ажлаа мэдэхгүй хүн төрийн албанд шургалж, бизнесийн байгууллагад зөвшөөрөл олгох, тэдэнд мэдээлэл өгөхийн тулд олон жил сурах шаардлагатай болно. Гэтэл цаг хугацаа маш үнэтэй. Төрийн алба улс төрөөс хамааралтай болохын хэрээр татвар төлөгчдийн мөнгө намын санхүүжилт болох эрсдэл улам нэмэгддэг.

Тэгвэл уг шинэчилсэн найруулгын төсөл улстөрчдийн санхүүг зузаатгахад чиглэсэн гэж ойлгож болох уу?

Ерөөсөө л тийм. “УИХ-ын гишүүний цорын ганц зорилго бол дахин сонгогдох” гэж үг бий. Улс төрд ялалт байгуулж болно. Гэхдээ нэгэнт тогтоосон тоглоомын дүрмээ өөрчлөөд байж болохгүй. Гол нь энэ буруу системийн золиос нь хүн өөрөө болдог. Энэ бол хамгийн том аюул.

Энэ парламентын гаргаж буй бодлого шийдвэрийг та юу гэж дүгнэх вэ?

Зөв бодлого, байр суурьтай, асуудлаа судалдаг гишүүд олон байна. УИХ-ын Тамгын газарт мэргэшсэн, чадвартай боловсон хүчин олон бий. УИХ-ын гишүүдийн гол үүрэг бол гэрийн даалгавраа сайн хийх шүү дээ. Яг үнэндээ бол УИХ-ын гишүүн болно гэдэг тийм ч хүсээд байхаар ажил биш. Төрийн ордноор ороод үз. Жижигхэн өрөөнд туслах, зөвлөхтэйгээ багтаж ядан суудаг. УИХ-аар батлагдаж буй бүх хуулийг уншиж судална, хэлэлцүүлгийн явцад өөрийн саналыг нэмэрлэх үүрэгтэй.

УИХ, Засгийн газрын гишүүнээр төрийн мэргэшсэн албан хаагч байх нь хэр зохимжтой вэ?

УИХ-ын гишүүд бол нийгмийн нэг төлөөлөл. Заавал төрийн мэргэшсэн албан хаагч байх шаардлагагүй. Тийм шаардлага тавиад ч хэрэггүй. Ард түмэн хэнийг сонгохыг хүснэ, тэр хүн л төрд гардга. Харин улс төрийн намууд сонгуульд нэр дэвшигчээ үнэн, шударга зарчмаар тодруулах ёстой. Энд ганц хэлэх зүйл нь сонгуулийн өмнө болон дараа нь чадварлаг төрийн албан хаагчдаа бүү хөнд. Төрийн албан хаагчдыг улс төрийн намын харьяаллаар нь бүү халж, соль. Монгол төрийн ой санамж гэж байх ёстой шүү дээ. 

Ярилцсан Г.Мөнхтуяа