ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржийн хариулт
-“Зуун мянган айлын орон сууц” хөтөлбөрт дунд орлоготой иргэд хамрагдахад хүндрэлтэй байна. Тэгэхээр бага орлоготой нь яах бол?
-Засгийн газар иргэддээ бага хүүтэй орон сууцны зээл олгох ажлаа эхлүүллээ. Хөтөлбөр бага, дунд орлоготой иргэдэд, зорилтод бүлэг рүү чиглэгдсэн байгаа. Бага, дунд орлогын тодорхой түвшинг НХХЯ гаргана. Өнөөдрийн байдлаар 500 гаруй иргэн банкнаас зээлээ авахад бэлэн болсон байна. Аливаа ажил дөнгөж эхлээд шууд үр дүнгээ өгдөггүй. Тодорхой цаг хугацаанд үргэлжилж, тодорхой түвшинд хүрч байж үр дүнгээ өгнө. Хөтөлбөр урт хугацаатай зээлийн тогтолцоог Монгол Улсад бий болох замаар иргэдээ орон сууцжуулах төрийн бодлого гэдгийг онцлон дурдах ёстой. Үүнээс гадна хямд эх үүсвэртэй зээлийг багцлаад хоёр дахь зах зээлд гаргах бодит бололцоог хангаж өгөх эрх зүйн орчинг бий болгох суурийг тавьж өглөө. Орон сууц гэхээр ердөө ганц асуудал шиг сонсогдож байгаа ч үүнийг тойрсон шийдвэрлэх ёстой олон асуудал багтдаг. Жишээ нь, орон сууцны зээлийн асуудалтай уялдаад тэнд амьдрах иргэдийн эрүүл мэнд, сургууль, цэцэрлэг, үйлдвэрлэл үйлчилгээ, Улаанбаатар хотын нийт дэд бүтэц, хотын ерөнхий төлөвлөгөө, барилга, нийтийн аж ахуйн асуудал хамт шийдэгдээд явах ёстой. Хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжих учраас орон сууцтай болохыг хүсэж буй хүн бүр тэр тусмаа залуучууд хувийн зохион байгуулалтаа хангаад яаралгүйгээр оролцох боломжтой гэж би эхлээд л хэлж байсан. Нийтээрээ энэ ондоо бүгд байртай болох боломж бололцоо хаана хаанаа байхгүй. Эхний ээлжинд шаардлага хангасан нэг хэсэг нь байртай болоод явах ёстой. Цаашид энэ зарчмын дагуу үйл ажиллагаа нь үргэлжлээд, улам боловсронгуй болгоод явахад үр дүн нь аяндаа нүдэн дээр харагдана.
-Хөтөлбөрийн сургаар барилгын компаниуд үнээ үндэслэлгүй нэмчихлээ. Үнэ буурахгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Яамны зүгээс МҮЭХ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран байрны бодит үнийг тогтоох ажлыг хийж байна. Бидний хийсэн судалгаагаар одоогийн байдлаар нэг метр квадрат байрны дундаж үнэ 850 000-1.193 мянган төгрөг байна гэсэн үнэлгээг бид гаргаад байгаа. Зах зээлийн бодит өртгийг өмнө нь нарийн тооцож байгаагүй. Учир нь үнэ барьсан, дундаж дүн буюу хууль эрх зүйн орчин байгаагүйтэй холбоотой. Гэхдээ барилгын салбарын аж ахуйн нэгжүүдэд бид энэ үнийг тулгаж болохгүй. Харин хөтөлбөрт хамрагдаж байгаа компаниудтайгаа хэлэлцээр хийх замаар байрны үнийг сая тогтоож байгаа хэмжээнд нийлүүлэх замаар зохицуулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Барилгын салбарт өнөөдөр 21 мянга гаруй бүтээгдэхүүн хэрэглэгдэж байна. Үүнээс гол нэрийн байнга хэрэглэгддэг 500 гаруй материалын 2012 онд хэрэглэгдэх жишиг үнийг гаргасан. Өөрөөр хэлбэл энэ жишиг үнийн дундаж, барилгын машин механизм, тээврийн зардлыг шинэчлэн тооцож худалдан борлуулах үнийг тогтоосон. Ингэхдээ Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартыг барьсан. Энэ дундаж үнэлгээгээр барилгын метр квадратын үнэ дунджаар сая 193 мянган төгрөг байна. Энэ бол ямар нэг хөөс шингээгүй үнэ гэж ойлгох хэрэгтэй.
-Иргэд зургаан хувийн хүү төлж байгаа ч төр түүнээс илүүг төлж байна. Төрөөс төлж байгаа мөнгө ч иргэдийн мөнгө гэдэгтэй та санал нийлэх үү?
-Төрөөс төлж буй мөнгө бол иргэдийн мөнгө гэдэгтэй санал нийлж байна. Иргэдийн мөнгө иргэддээ л очиж байна шүү дээ. Иргэдээ орон сууцжуулах ажилд л зарцуулагдаж байна. Түүнээс биш Засгийн газрын аливаа зардлыг санхүүжүүлээгүй. Иргэдийн мөнгө иргэндээ очиж байгаа гэж ойлгож болно.
-Энэ хөтөлбөрийн цаана банк, барилгын компаниудын бохир бизнес яваад байна гэсэн хардлага иргэдэд бий. Тийм зүйл байхгүй гэдгийг та баттай хэлж чадах уу?
-Нэг талд нь барилгын салбараа дэмжиж нөгөө талд нь иргэдээ мөнгөжүүлэх замаар орон сууцтай болгох бодлого явж байна. Банк үйлчилгээ үзүүлж байгаа учраас тодорхой хэмжээний үйлчилгээний зардал авч байгаа. Банк өөрөө эрсдэлээ хариуцах учраас төлбөрийн чадварыг нь судлах, муу зээл болгохгүйн тулд анхаарах ёстой. Барилгын компаниудын хувьд ч манай агентлагтай гэрээ байгуулж хамтран ажиллах учраас бохир бизнес явагдаад байна гэж хардах үндэслэл огт байхгүй.
-Хөтөлбөр хэрэгжиж дуусах 2016 онд 100 мянга биш 100 айл орон сууцтай болсон байвал та хариуцлага хүлээх үү?
-Эхлээд нэг зүйл хэлэхийг хүсэж байна. Би ямар ч ажлыг хийвэл үзэгдэл төдий биш, цаашдаа зөв чиглэл рүүгээ хөтлөөд явчих түвшинд хийх юмсан гэж хичээдэг хүн. Эхлүүлсэн ажлынхаа үр дүнг нь үзэхийн төлөө зүтгэж байна. Ажил дөнгөж эхэлж байна шүү, тийм биз. Хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжинэ. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 75 мянга, бүсийн тулгуур төв болон аймгийн төвд 25 мянга хүртэл барилга барихаар төлөвлөсөн байгаа. Засгийн газраас баталсан эхний жагсаалтад 79 мянган айлын орон сууцны барилга байсныг 44 мянга 700-гаар нэмэн 124 мянга гаруй айлын орон сууцны барилга хамрагдахаар болж байна. Ингэснээр иргэд одоо баригдаж байгаа эдгээр орон сууцнаас сонголт хийх боломжтой юм. Жагсаалтад нэмж орсон 44 мянга 700 орон сууцны 50 гаруй хувь нь Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгоор гаргасан журамд заасны дагуух 55 метр квадрат хүртэл талбайтай орон сууц байна. Нийслэлийн найман дүүрэгт баригдах 36107 айлын орон сууц, зургаан бүсийн тулгуур төв хот, арван аймгийн төвүүдэд баригдах 8621 айлын орон сууц 55 м2 талбайтай байхаар төлөвлөсөн. Барилгын явцыг судлаад үзэхэд 1,6 жил буюу 18 сарын дотор 28 мянган айлын орон сууц ашиглалтад орохоор байгаа. Зөвхөн энэ онд ашиглалтад орох орон сууцны 11600 нь бидний тавьсан шаардлагад нийцэж байгаа. Энэ эрчээрээ явбал 2016 он гэхэд 100 гаруй мянган орон сууцны асуудал бүрэн шийдэгдэх бололцоотой.