Нэг хүн жилд хоёр сая хүртэл төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас авах эрхтэй
ХАХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын албаны дарга А.Хишигбаяр
2016.02.19

Нэг хүн жилд хоёр сая хүртэл төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас авах эрхтэй

Өнгөрсөн оны долдугаар сараас Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг Нийгмийн даатгалын зөвлөлөөс тусад нь байгуулах, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан, цахим карттай болох зарим өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдарын туяа, химийн өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээг даатгалд шинээр хамруулах гэх мэт хэд хэдэн чухал зохицуулалтыг оруулсан.

Хуулийн ач холбогдол, хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй зарим ажлын талаар ХАХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын албаны дарга А.Хишигбаяртай ярилцлаа.

Та энэ хуулийн ач холбогдлыг юу гэж тайлбарлах вэ?

Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хуульд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, тусламж, үйлчилгээ авах эрүүл мэндийн байгууллага, эмчээ өөрөө сонгох, өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх, эрхийг хуулиар тогтоосон.

Түүнчлэн шинэ хууль батлагдан гарснаар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг өргөтгөлөө. Тухайлбал, өрх, сумын эмнэлгийн түвшинд үзүүлэх эмчилгээ, оношилгоо, шинжилгээний зардал, урьдчилан сэргийлэх үзлэг болон бусад шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх хорт хавдрын хими, туяа эмчилгээний зардал, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, протез, ортопедийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг боллоо.

... Даатгуулагч зөвхөн өрхийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад даатгалын сангаас үнийн хөнгөлөлт авдаг байсан бол хоёр дахь шатлалын буюу аймаг, дүүргийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад мөн үнийн хөнгөлөлт эдлэхээр шинэ хуульд тусгасан байна ...

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай өмчийн хэлбэрийг үл харгалзан гэрээ байгуулан ажиллаж, даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанар, даатгуулагчаас гаргуулсан төлбөрт байнга хяналт тавьдаг болно.  

ЭМД-ын шинэчилсэн хууль батлагдсанаар даатгалын байгууллага даатгуулагчийн эрхийг дээдэлдэг, даатгуулагч төвтэй эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нэвтрүүлж, даатгуулагчийн өмнө хариуцлага хүлээдэг, тэдэнд тайлагнадаг зарчим үйлчилж эхэлж байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь даатгуулагчийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, нотолгоонд үндэслэсэн, чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй байна.

Даатгуулагч жилд  хэдэн төгрөгийн үйлчилгээ авах вэ?

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн даатгуулагч бүр  жилд хоёр сая төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын сангаас гаргуулах эрхтэй.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах асуудал юу болсон бэ?

Хуульд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны журмыг УИХ-ын байнгын хороогоор батлуулсан. Дараа нь зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт зарлаад олон хүний материалууд хүлээж авсан. Гэвч гишүүдээ сонгоод ажиллуулах гэтэл төсөв нь батлагдаагүй. Түүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын газрыг бие даасан агентлаг болгоно гэж хуульд тусгасан ч санхүүгийн асуудлаас болоод 2017 оны нэгдүгээр сар хүртэл хойшилсон.  Тиймээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл  байгуулагдах хүртэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь тус зөвлөлийн хариуцсан ажлыг түр орлон гүйцэтгэнэ гэсэн Байнгын хорооны тогтоол нэгдүгээр сарын 28-нд гарсан.

Энэ хуультай холбоотой хэдэн журам батлагдах вэ?

30 орчим журам батлах ёстойгоос түрүүчээсээ батлагдаж байна. Засгийн газар шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд хэд хэдэн журам баталсан.

Өндөр өртөгтэй эрүүл мэндийн зарим тусламж үйлчилгээний зардлын тодорхой хувийг даатгалаас гаргахаар болсон. Хувь хэмжээг нь тогтоосон уу?

Энэ талаарх журам 2015 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалд хамаарах тусламж, үйлчилгээний багцад өртөг өндөр бүхий зарим тусламж, үйлчилгээ, түүнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх зарим төрлийн хиймэл эрхтэн, протезийн зардлын тодорхой хэсгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож эхлээд байна.

Тухайлбал, Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны зургадугаар дугаар сарын 26-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 248/161/А88 тоот хамтарсан тушаалаар дээр дурдсан мэс засал, тэдгээрт хэрэглэгдэх эмнэлгийн хэрэгсэл, жишиг үнэ, даатгалаас төлөх төлбөрийн хэмжээг баталсан. Нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлэг, Эх нялхас, Гэмтлийн эмнэлэг зэрэг эмнэлгүүдээс өндөр өртөг бүхий тусламж, үйлчилгээ авах даатгуулагчид даатгалын хөнгөлөлт эдэлж эхэлсэн. Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд баталснаар уг үйлчилгээнд 40 мянга орчим даатгуулагч хамрагдаж, эрүүл мэндийн даатгалын сангаас 20,8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

Дээрх жагсаалтад баталснаар өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэгдэх 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75 орчим хүртэл хувийг даатгалын сангаас хариуцан төлнө.

... Жишээ нь зүрхэнд суулгах пейсмейкерийн багцын үнэд  даатгалын сангаас 5 484 000 төгрөг, түнхний хиймэл үе хийлгэхэд 5 250 000 төгрөг, өвдөгний хиймэл үе хийлгэхэд 4 875 000 төгрөг төлнө.   Энэ хэмжээгээр даатгуулагчийн санхүүгийн ачааллыг Эрүүл мэндийн даатгалын сан хариуцахаар боллоо ...

Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн сан байгуулах, цахим карт нэвтрүүлэх ажил ямар шатандаа явж байгаа вэ?

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу даатгуулагч бүрт даатгалын цахим карт олгох бөгөөд уг карт нь даатгуулагчийн шимтгэл төлсөн байдал, хувийн мэдээллээс гадна шаардлагатай эрүүл мэндийн үзлэгийн талаарх мэдээллийг агуулна. Мөн даатгалын цахим картыг нэвтрүүлснээр даатгалын байгууллагаас эмнэлгийн байгууллагууд руу тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг богино хугацаанд шилжүүлэхэд шаардлагатай  мэдээллийн цахим сан бий болох нөхцөл бүрдсэн.             

... Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулиар мэдээллийн цахим сан бүрдүүлэх, цахим карт нэвтрүүлэх ажилд 19,8 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд уг ажлыг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна ...