Зөвхөн Сүхбаатар аймаг бус Монгол Улсаа хөгжүүлэх зорилготой
Сүхбаатар аймгийн Засаг Дарга Ж.Батсуурь
2015.12.24

Зөвхөн Сүхбаатар аймаг бус Монгол Улсаа хөгжүүлэх зорилготой

Хөрөнгө мөнгө хэр байна, тэнд хөгжил байна гэж шууд ойлгож болохгүйг тэр хэлдэг. Энэ ч үзэл баримтлалаар Ж.Батсуурь Сүхбаатар аймгийг багийн хүчээр хөгжүүлж ирсэн. Удирдан зохион байгуулах өндөр чадвараа улс орныхоо хэмжээнд зориулах нь зүйтэй гэж үзэн түүнийг "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакциас онцолж байна. 

Хамтран зүтгэгчид, түүнийг мэдэх нэгэн Ж.Батсуурийн чадварыг төрд ашиглах нь зүйтэй гэж дүгнэж байна.  

  • Түрүүлж сэтгэдэг
  • Хэлсэндээ заавал хүрдэг
  • Удирдах арга барилыг эзэмшиж, багаар хамтран ажиллах чадварт суралцсан

СҮХБААТАРЫГ ӨӨРЧИЛЖ ХӨГЖҮҮЛСЭН

Тэр баг хамт олноороо хамтран Сүхбаатар аймгийн хөгжлийг хэд хэдэн алхмаар ахиулж чадсан.

Тэрээр “Хөгжил бол зохион байгуулалт. Хөгжил бол сэтгэл. Хөгжил бол зүтгэл” гэж үздэг. 2008 онд багаа бүрдүүлж, ажлаа авахад нутгийн нь иргэд голонгуй хандлагатай байж. Гэсэн ч төрөлх нутгаа хөгжүүлэхээр чадахаа амалж, амалснаа биелүүлнэ гэж тэд зорьжээ.

Ж.Батсуурь тэргүүтэй аймгийн удирдлагуудын хүчин чармайлтаар 73 жилийн түүхэн дэх томоохон шинэчлэл, өөрчлөлт 2008 оноос эхэлж, одоог хүртэл үргэлжилж байна.

Өнгөрсөн найман жилд 40 орчим км зам тавьж, аймгийн төвөө нийслэлтэй автозамаар холбосон нь өмнөх 66 жилд 6 км зам тавьсантай харьцуулахад хурдацтай хөгжил юм.

Одоогоор Сүхбаатарчууд 20-иод мянган өрх бүхий 60 мянга орчим иргэнтэй өнөр өтгөн айл болж, хүн амын дундаж наслалт 72 болсон нь өссөн үзүүлэлт юм. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгаагаар өмнө нь улсдаа доогуур орж байсан бол одоо 3-рт жагсаж байна. Засаглалын тогтолцоогоороо улсад нэгдүгээрт орж байна.

Нэг талаар эдгээр жилд цаг хугацааны тохироо бүрдэв үү гэж бодож болох ч нөгөө талаас үзэхэд аль ч цаг үед боломж байдаг. Гагцхүү хэн хэзээ ашигласан нь чухал гэж тайлбарлаж болно.

Тэд орон нутагтаа дахин төлөвлөлтийн ажил өрнүүлж, 800 гаруй айл өрх, албан байгууллагыг сууринаас нь хөдөлгөж, оронд нь нийгмийн зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцны хороолол барьсан байна. Аймгийн төв Баруун-Урт хотоо тойрог замаар хөгжүүлэн, сумдад дахин төлөвлөлт хийж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, цагдаа, нийгмийн халамжийг цогц хэлбэрээр шийдвэрлэжээ.

...Сүхбаатарчууд хөгжихөд хямрал нөлөөлөхгүй гэж үздэг. Энэ агуулгыг зам харилцаа сайжирсан, төв орон нутаг нь цэвэр цэмцгэр болсон, хүний таатай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн Сүхбаатар аймгийн өнөөгийн дүр төрх нотолж байна...

Сүхбаатар аймаг өдий зэрэгт хүртэл дэвжин хөгжихөд аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, түүний багийнхан хамгийн том түлхэц болсон гэж нутгийн иргэд үзэж байна.

Дэвшилтэт ажил, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт орон нутгийн иргэдийн хандлага, сэтгэлгээг өөрчилж, хөгжинө гэсэн итгэлтэйгээр түүний баг урагшилж байна. Аймгийн удирдлагууд ажиллаад зүтгээд байвал ард түмэн хардаг дэмждэг гэдгийг ойлгож, илүү өргөн, том бодлогоор ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ХУРДЫГ СҮХБААТАР НЭМНЭ

Сүхбаатар аймаг зүүн бүс төдийгүй Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой гэж тэр үздэг.

Энэ цаг үед зөвхөн Сүхбаатар аймаг хөгжих бус зүүн бүс, цаашлаад улс орны нийгэм, эдийн засагт Сүхбаатар аймаг хувь нэмрээ оруулах цаг болсныг Засаг дарга Ж.Батсуурь аймгийн газарзүйн байршилтай холбон тайлбарладаг.

Газар зүйн ашигтай байршил хөгжилд хөтөлнө.

Нэгд, Монгол Улсын далайд гарах хамгийн дөт зам бол Сүхбаатар аймаг. Тус аймаг нь урд талаараа БНХАУ-тай хил залгаа оршдогийн хувьд шинэ боомттой холбож чадвал улсын хөгжлийн гарц нэгээр нэмэгдэнэ. Сүхбаатар аймаг илүү хөгжинө. Зүүн бүсийн хөгжил хурдасна.

Хоёрт, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтыг дайрах босоо тэнхлэгийн төмөр зам, автозамын асуудал. Тэр дундаа Баруун Европ, Номхон далайг чиглэсэн автозамтай холбогдохын тулд Баруун-Урт Бичигтийн боомт хүртэлх 277 км шороон замыг хатуу хучилттай болгох шаардлагатай.

Аймаг бүрийг хотын статустай болгох замаар орон нутгийг жигд хөгжүүлэх нь зүйтэй гэж Сүхбаатар нэрийн дор нэгдсэн баг бүрэлдэхүүн гэж үзэж байна.

...Монгол Улсын хөгжлийн төлөөх эдгээр бодлого нь аймгийн Иргэдийн хурал дээр биш УИХ, Засгийн газрын түвшинд яригдах асуудал юм...
ТЭР ШАТ АХИХ БОЛСОН

Эх орноо хэрхэн хөгжүүлэх талаар алсын бодолтой нэгэн

...Улс төрд орох нь ажил хийх том боломж гэж хардаг түүнийг хамтран зүтгэгчид нь шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээтэй, өөрийн гэсэн үзэл бодолдоо бат зогсдог, хэн бүхэнтэй нийцтэй харьцдаг гэж дүгнэдэг...
Одоо тэр нэг шат ахиж улс эх орныхоо төлөө ажиллах цаг нь болсон.

Яаж ч сайшааж магтахын зэрэгцээ яаж ч унагааж чадах хүчтэй ард түмний, тэр дундаа орон нутгийн иргэдийн саналаар ажиллаж буй Ж.Батсуурь аймгийн Засаг дарга гэдэг орон нутгаа хөгжүүлэхэд эрх мэдэл нь хангалттай хүрэлцдэг албан тушаал гэж үздэг.

Сүхбаатар аймаг түүнтэй, түүнгүй хөгжих замдаа нэгэнт оржээ.

Эрхэм уншигч та "Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлон танилцуулж буй улс төрчдийн тухай нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу. 

"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд онцлож буй 21 улс төрч, “vip76.mn” цахим хуудас, “Vip Expert” сэтгүүлийн редакци, 2015 он