Мэндчилгээ
Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа
2015.10.29

Мэндчилгээ

Монгол Улсад авто замын  салбар үүсч хөгжсөний 86 жилийн ойг тохиолдуулан авто замын салбарыг  хөгжүүлэх ариун үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэрэг, ажил мэргэжлийг залгамжлан шаргуу хөдөлмөр, бүтээлч үйлсээ зориулан ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд, нийт замчид  Та бүхэнд  Монголын авто замчдын холбооны  нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Манай үе, үеийн замчид салбарынхаа өмнө тавигдсан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, тулгамдсан асуудлуудаа даван туулж, эрхэлсэн ажил үйлсдээ өндөр амжилт гарган ажиллаж жилийн дөрвөн улиралд авто тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх, зам хэрэглэгчдийн ая тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлж төр, түмэндээ үйлчлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Улс орны нийгэм, эдийн засгийн өөрчлөлттэй уялдан замчид бид эрх зүйн орчиноо шинэчлэх,  дотоодын зах зээлийг хамгаалах, зам гүүрийн чанарыг эрс дээшлүүлэх, үндэсний компаниуд болон мэргэжлийн боловсон хүчнээ дэмжин ажиллах, хүндрэлтэй байдлыг даван туулахад  салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын хүчин чармайлт юу юунаас илүү чухал тавигдаж байгааг онцлон тэмдэглэж байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол эх орныхоо өнцөг булан бүрт түмэн олныхоо аялах алтан шар замыг барьж, засч буянтай үйл бүтээж буй олон зуун замчид, нийт хамт олон, зам хэрэглэгч Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ   ЕРӨНХИЙЛӨГЧ Т.БЯМБАА