50 жилийн ойн барилдаанд улсын арслан Э.Оюунболд түрүүллээ
Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Б.Одгэрэл, улсын начин Э.Энхбат, Ш.Уламбаяр нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов.
Хүчит бөхийн барилдааны нээлтэд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, УСУГ-ын дарга С.Үнэн, дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад оролцсон юм.
Баянзүрх дүүргийн 50 жилийн ойн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат "Хан Хэнтийн аварга" дэвжээ, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын арслан Энхтөгсийн Оюунболд найм даван түрүүлэв. Харин Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Хилчин спорт хороо, Хантайшир дэвжээ, “Макс” группийн бөх улсын заан Б.Соронзонболд үзүүрлэлээ.
Харин шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Ажнай” корпорацийн бөх улсын заан Б.Санжаадамба, Булган аймгийн Могод сумын харьяат “Булганхангайн хүчтэн” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Э.Энхбат нар үлдсэн гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.